Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: “ДУРААРАА ААШЛАХ“ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол 1-5 жилийн хорих ялтай

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
7 минут 31 секунд

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрөгч оны зааг дээр буюу 12 дугаар сарын 12-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсан. Тэгвэл нэмэлт өөрчлөлт орсон Эрүүгийн хууль нь хоёр хоногийн өмнөөс буюу нэгдүгээр сарын 21-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Энэ удаагийн өөрчлөлтөд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, оногдуулах ялын бодлогыг чангатгасан гэдгээрээ олон нийтийн анхаарлыг татаж буй. Тэгвэл хуульд орсон нэмэлт өөрчлөлт бүхий заалтуудыг та бүхэнд нэгтгэн хүргэж байна.

22.1: Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдлээ урвуулан ашигласан бол нийтийн албанд БҮХ НАСААРАА АЖИЛЛАХГҮЙ

22 дугаар зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт оногдуулах ялын санкцаас торгох ялыг бүхэлд нь хассан бөгөөд 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээс зорчих эрхийг хязгаарлах ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрхийг хасах нэмэгдэл ял 2-5 жил байсныг 2-8 жил, хорих ял 1-5 жил байсныг 2-8 жил болгон нэмэгдүүлсэн байна. Харин 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субьектэд улс төрд нөлөө бүхий этгээдээс гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтныг хамааруулан өргөжүүлж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 5-8 жил байсныг бүх насаар хасах, хорих ялын хэмжээ 2-8 жил байсныг 5-12 жил болгон тус тус чангатгасан байна.

22.4: Улс төрд нөлөө бүхий этгээд ХАХУУЛЬ авсан бол 12-20 жилийн хорих ялтай

Хахууль авах гэмт хэргийг Нийтийн албан тушаалтан хахууль авах, нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авах субьектээр нь ялгаж, оногдуулах ялын бодлогод өөрчлөлт оруулсан бөгөөд нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт оногдуулах ялаас торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус хасаж хуульчилжээ.

22.6: Гадаад улсын төрийн байгууллагыг хахуульдах гэмт хэрэгт оногдуулах ялыг нэмэгдүүлэв

Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлагаас торгох ял болон зорчих эрхийг хязгаарлах ялыг хасжээ.

22.7: Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол 2-8 жилийн хорих ялтай

Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд оногдуулах ялаас торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 3 жил хүртэл оногдуулахаар байсныг 2-5 жил байхаар нэмэгдүүлжээ. Түүнчлэн эл гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах нэмэлтийг тусгасан байна.

-22.8: Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасна

Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдлийн улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол энэ гэмт хэрэгт тооцох тайлбарыг нэмж хуульчилжээ. Ингэхдээ 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах нэмэлтийг тусгасан байна.

22.9: Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулбал нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэлх хугацаагаар хасна

Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд оногдуулах ялд нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах нэмэлтийг хуульчлав.

22.10: Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын санкцаас торгох ялыг хасав

Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн гэсний “их хэмжээ” гэдэгт нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгох тайлбарыг тусгасан бөгөөд 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд оногдуулах ялаас торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 2 жил хүртэл байсныг 2-8 жил, зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын хугацаа 6 сараас 3 жил байсныг 1-5 жил болгон ялын бодлогыг чангатгав.

Харин энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын санкцаас торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 2-5 жил хүртэл байсныг бүх насаар хасахаар нэмэгдүүлж, зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял 1-5 жил хүртэл байсныг 2-8 жил хүртэл болгон чангатгасан байна.

22.11: Нийтийн албан тушаалтан "дураар аашилбал" 1-5 жилийн хорих ялаар шийтгэгдэнэ

Нийтийн албан тушаалтан дураараа аашлах гэмт хэргийн шинжийг тодорхой болгож нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласан бол гэмт хэрэгт тооцохоор, энэ гэмт хэрэгт оногдуулах нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 2 жил хүртэл байсныг 2-5 жил хүртэл болгон нэмэгдүүлж, бусад ялын хэмжээг хэвээр үлдээв.

22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан дураараа аашлах гэмт хэргийг хуульчилж, эл гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамааруулж, нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялыг 1-5 жил хүртэл хугацаагаар оногдуулах нэмэлтийг хуульчлав.

ОБЕГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг АНХААРУУЛЖ байна
ОБЕГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг АНХААРУУЛЖ байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.