Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Су.Батболд: Одоогоор албан тушаалын санал ирээгүй ч цаг нь ирвэл энэ асуудлыг шийдэж өгөх байх

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 37 секунд

Хотын даргаар ажиллаж байсан Су.Батболд ажлаа өгснөөсөө хойш улстөрд ямар нэгэн албан тушаал эрхлээгүй. Харин тэрбээр сүүлийн үед Төрийн ордноор үзэгдэх болсон нь ямар нэг албан тушаалд очих гэж байна гэх хардлагыг олон нийтэд төрүүлж эхэлсэн. Тиймээс Хотын дарга асан Су.Батболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Агаарын бохирдол сүүлийн үед маш их байгааг иргэд шүүмжилж байна. Хотын даргаар ажиллаж байсан хүний хувьд энэ асуудалд байр сууриа илэрхийлвэл. Таны үед ямар арга хэмжээ авч ажиллаж байв?

-Агаарын бохирдол олон жил яригдаж байна. Энэ нь ачаалал эхэлсэнтэй холбоотой. 500 мянган хүн суурьших хотод даац 3 дахин ихсээд байна. Үе үеийн Засгийн газар, Хотын дарга нар агаарын бохирдлыг бууруулах чиглэлд толгойгоо гашилгадаг. Миний ажиллаж байсан 3 жилийн хугацаанд бид хэд хэдэн үе шаттай арга хэмжээг авч байсан.

Нэгдүгээрт, хотоо бүсчилсэн. Тодруулбал, энэ хэсэг нь барилгажина. Энэ бүсэд нь дэд бүтцийг, энэ хэсэгт нь түлшийг шийднэ гэх мэтээр явж байна. Ер нь урьд нь хийж байсан ажлаа үгүйсгэж, цоо шинээр юм хийх ч асуудал биш. Хийж байсан ажлуудыг үр дүнг үзэх нь чухал. Бид шөнийн цахилгааны хөнгөлөлтийг бий болгож, бүсээ бий болгоод, тэр бүсэд ерөөсөө нүүрс түлэхгүй. Энэ бүсэд дахиад яндангийн тоог нэмэхгүй гэх мэтээр ажилласан.

Миний хийсэн бас нэг ажил бол 2020 он хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Бүгдээрээ Улаанбаатарт байх боломжгүй юм. Учир нь Улаанбаатар хотод ирсэн хүн бүрийг сургууль цэцэрлэгээр хангаж, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, амьдруулах боломж байхгүй. Тиймээс хөдөө орон нутагт хуваарилагдаж байгаа төсвийн хүрээндээ илүү сайн боловсролын болон эрүүл мэндийн үзлэг авах боломжтой гэх мэтээр хязгаарласан. Энэ мэт маш олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Сүүлдээ зөвхөн сайжруулсан түлш хэрэглэхээр болсон. Гэтэл түлш сүүлдээ стандартын хувьд хэцүү болчихлоо. Ер нь шийдэх арга зам нь урьд нь хэрэгжүүлсэн бүх арга хэмжээний үр дүнг үзэх ёстой. Мөн түлшнийхээ стандартыг сайжруулах хэрэгтэй. Дэлхийн улс орнууд ямар стандарт руу чиглэж байна. Энэ чиглэлд анхаарах зайлшгүй шаардлагатай. Ер нь үе шаттай шийдэх хэрэгтэй. Хамгийн гол нь төвлөрлийг сааруулах, ачааллаа дийлэхгүй байгаа асуудлыг зогсоох ёстой. Утаа зөвхөн яндангаас гараад байгаа юм биш. Өдөр тутамд 600-700 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байна. Утаа байнга маш их үнэртэж байна.

-Тэгэхээр түлшний стандарт алдагдсан гэсэн үг үү?

-Эхлээд хэрэгжүүлж байхад гайгүй байсан. Одоо стандартдаа юм уу, эсвэл хэтэрхий олноор үйлдвэрлэж байгаа учир үйлдвэрлэлийнхээ процесс технологид байна уу гэж гайхаж байна. Үүнийг судлаачид үзээд стандартаа сайжруулах хэрэгтэй. Би аймгийн дарга нарт "Хотоос иргэдээ аваач" гэж уриалж байсан. Хотод ажил төрөл хийж байгаа зэргийг нь судлаад тэгээд заавал хотод байх шаардлагагүй бол "Иргэдээ буцаад шилжүүлвэл хотоос урамшуулал өгье" гэх уриалгыг Засаг дарга нарт өгч байсан. Төвлөрлийг сааруулахын тулд орон нутгаа хөгжүүлэх, ажлын байрыг бий болгох шаардлагатай.

-Одоогийн Хотын даргын ажилд ямар үнэлгээ өгөх вэ?

-Мэдээж чадлаараа ажиллаж байгаа. Маш их ажил хийж байгаа. Миний үед өдөр бүр л гадаа жагсаал байдаг байсан. Утааны эсрэг ээж, аавууд байнга жагсдаг байсан. Одоо харьцангуй гайгүй байх шиг байна. Гэхдээ ажлаа сулруулж болохгүй. Утааг яаж бууруулах вэ гэдгээр өдөр бүр хуралддаг байсан. Одоо санхүүгийн асуудал харьцангуй сайжирсан учир оновчтой бодлогоо тодорхойлох хэрэгтэй.

-Та сүүлийн үед Төрийн ордонд их үзэгдэх боллоо. Ямар нэгэн албан тушаалд очих гээд байна уу?

-Намын гишүүн хэвээрээ байгаа. Хоёр жил гаруйн хугацаанд эрүүл мэнд, тодорхой шалтгааны улмаас улстөрөөс хөндий байсан. Гэхдээ миний дадлага туршлага Монголын төрд хэрэгтэй болов уу гэж бодож байна. Цаг нь ирвэл тэр асуудлыг эрх биш шийдэж өгөх байх. Өнөөдөр маргаашийн дотор тэнд, энд очно гэсэн асуудал байхгүй. Нутгийн удирдлагын холбооны тэргүүнээр ажиллаж байгаа. Энэ нь орон нутгийн хөгжлийн асуудлыг ярьдаг. Зөвлөлдөх уулзалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа. Түрүүн хэлсэн. Төвлөрлийг сааруулахын тулд орон нутгаа хөгжүүлэх, ажлын байрыг бий болгох шаардлагатай. Аймгийн Засаг даргын ажлыг дүгнэхдээ хэдэн хүнийг ажлын байртай болгосон, орлоготой болгосон зэргийг нь харж үзэх хэрэгтэй.

-Зөвлөлдөх санал асуулгад энэ асуудлыг хөндөж байгаа юу?

-Хөндөж байгаа. Энэ сарын 11-нд нэлээн том зөвлөгөөн болох юм билээ. ТББ-ууд оролцоно. Ингэхдээ орон нутгийг хөгжүүлэх асуудалд анхаарал хандуулна. Учир нь Улаанбаатар хот бүх асуудлыг шийддэг байж болохгүй. Засаг дарга нар орон нутгийнхаа асуудлыг шийддэг байх ёстой.

-Та түрүүн "Миний мэдлэг туршлага төрд хэрэгтэй" гэлээ. Ямар нэгэн байдлаар албан тушаалын санал ирсэн үү?

-Одоогоор байхгүй. Миний мэргэшсэн чиглэл бол Төрийн захиргаа, төрийн алба юм. Монгол төрийн алба бол өөрөө гурван үеийн залгамж байх ёстой. Мэдээж ахмад туршлагатай хүмүүс байх ёстой. Дунд үеийнхэн түүчээлэх ёстой. Мөн шинэ залуу, гадаад дотоодод сургууль төгссөн залуу үе байх ёстой. Энэ гурван үеийн хэлхээн дээр монголын төр явах ёстой.

-Ер нь улстөрийн гал руу эргэж ороход бэлэн гэж үзэж байна уу?

-Би улстөрч гэхээсээ илүү төрийн хар хүн юм уу, төрийн алба хаагч гэж боддог. Одоогийн улстөр бол тэмцэл маягийн болчихож. Төрийн хүн гэдэг бол хууль тогтоомжийн хүрээнд ажилладаг байх ёстой. Хоёрдугаарт, дэлхий дахинд төрийн албанд шударга ёсны шаардлага тавьдаг болсон байна.

Х.Нямбаатар: УБТЗ-ын албан тушаалтантай холбоотой мэдээлэл ЕС-д байсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Х.Нямбаатар: УБТЗ-ын албан тушаалтантай холбоотой мэдээлэл ЕС-д байсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.