Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Оюук”-ын ОЛС...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 34 секунд

Монголын улс төр хэдхэн өдөр нам гүм байсан ч эцэст нь нэг юм тэсгэл алдав. Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнийн улс төрийн олс улам л томрох нь ойлгомжтой боллоо.

Тодруулбал, С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн нар сайдад дэвшиж, С.Энхболд, Б.Мөнхбаатар нар ачаа бараагаа бүрэн даржээ. Үүн дээр нэмээд төсвийн хууль дагуулж Шадар сайдаар томилуулах алхаа цохиулсан Ч.Хүрэлбаатар Шадар сайдын тангарагаа өргөнө.

Тэгвэл Ерөнхий сайдын эдгээр томилгооны цаад учир шалтгааныг харахад парламент дээр ҮХНӨ, тогтолцооны асуудал болон өөрийн ирээдүйн бодлогоо явуулахын тулд талуудад бүгдэнд нь найр тавьж, аль ашигтай гэсэн болгонд хэрчмийн ч зөрөөгүй “бялуугаа” хувааж байна. Энэ дөрвөн томилгооноос гадна хүлээгдэж буй УИХ-ын дэд даргын томилгоог хүртэл тэр ашигтай хэлбэрээр л явуулна. Дээр нь өнгөрсөн наймдугаар сарын томилгоог харахад ч гэсэн фракцууд, аймгийн төлөөллүүд шинэ хуучин үеийнхэн гээд нам доторх балансаа нарийн тооцож, гомдол санал багатай өгч, авалцсан.

Энэ хэрээр түүний танхимд энэ парламентын аль л хөрөнгө санхүүтэй, улс төрийн хүчтэй. Эсвэл Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн нарын аливааг жадлан эсэргүүцэж эрх ашгаа шингээдэг олноо “шантаажчид” гэх тодотголтой парламент доторх “босогчид” бүгд Л.Оюун-Эрдэнийн олс руу орчихож буй хэрэг. Өмнө нь Б.Бат-Эрдэнийг бас ийм байдлаар чимээгүй болгов. Нэгэнт олсонд орсон л бол чангалуулах уу, үгүй юу гэдгээ өөрсдөө шийднэ. Харин хэзээ чангалах, хэзээ суллахаа Л.Оюун-Эрдэнэ л мэднэ. Үүний тод жишээ бол Т.Аюурсайхан...

Өнөөдөр УЗ хуралдаж, маргааш ЗГ-ын ээлжит бус хурлаар шинэ сайдуудыг батламжилна

Уг нь ном ёсоороо өнөөдөр МАН өнөөдөр томилгоонуудаа “машиндах” байсан ч, өчигдөр орой МАН-ын ноён оргил болсон гурван удирдлага уулзсан даруйдаа томилгооны асуудлыг маргааш хүртэл хойшлуулсан.

Учир нь маргааш ЗГ ээлжит бусаар хуралдана. Уг хурлаар ковидын хуулиар чөлөөлөгдөх ёстой ТНБД нар болон бусад тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ. Үүн дээрээ нэмж ЗГ-ын гишүүдийн томилгооны асуудал болон зарим дэд сайдын асуудлыг ярих аж. Үүнээс гадна өнөөдөр үдээс хойшдоо багтаж, МАН-ын Удирдах зөвлөлийг Төрийн ордонд хуралдуулж, дээрх гурван шинэ сайдын томилгоог хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.

“Бүдүүн” бүлгийн эвдрэл ба Ерөнхий сайд “Тогтолцоо, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хуулийг явуулахгүй бол намын дарга, Ерөнхий сайдаа өгнө” гэжээ

65 суудалтай МАН-ын “бүдүүн” бүлэг оны өмнөх жагсаал цуглаанаас хойшоо туйлын галтай байгаа. Оны сүүлийн бүлгийн хурал нүүрстэй холбоотой гишүүдийн нэрийг зарласнаас болж баахан бужигнасан. Ш.Раднаасэд, Б.Баттөмөрөөс эхлээд зарлуулсандаа уурласан болон албан тушаалаас хоцорч буйгаа мэдэрсэн хүмүүсийн хууриа агсам дунд туйлын хэцүү уур амьсгалтай хуралдсан. 2023 оны анхны бүлгийн хурал нь өмнөхөөсөө долоон дор болсон. Энгийн горимоор хуралдаж байсан бүлгээ хаалттай болгох хүртлээ “буцалсан”. Ямартаа л Ерөнхий сайд “Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн тогтолцоог том агуулгаар нь шийдэх. Мөн ашиг сонирхлыг хуульд оруулах өөрчлөлтийг явуулахгүй бол би намын даргаа ч, Ерөнхий сайдаа ч өгнө шүү. Нүүрстэй нэр холбогдсон хүмүүс бүгдээрээ шалгуул” гэж бухимдаж суух вэ дээ.

Сайдад горилогч ГУРВЫГ яагаад сонгов

Шинээр томилогдохоор нэр нь яригдаж буй гурван сайдын нэрсийг ашиглахад Ерөнхий сайд аль болох баланс барихыг хичээсэн гэж хэлэхээр байна. Харин эмэгтэй гишүүдээс нэг сайд томилогдох байх гэтэл тийм зүйл болсонгүй. Жендерийн балансаа бол алдчихлаа. Өөрөөр хэлбэл, микрофон ашиглаж шантааж хийдэг нөхдүүд болон сайдын томилгооноос үлдсэн аймгийн фракцуудад илүү боломж олгожээ.

С.Чинзориг гишүүний хувьд дамартаж гүйцсэн Эрүүл мэндийн даатгалын асуудлыг цэгцлэхээс гадна өнгөрсөн наймдугаар сарын томилгоогоор Өвөрхангайнхан үлдсэнтэй холбоотой. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёр бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг сайдаар тавьж, дэвшүүлэх зайлуулах гэсэн боловч өнөөх нь УИХ-ын дарга л биш бол би хөдлөхгүй гээд хөндлөн хэвтчихсэн сурагтай байсан. Буланд шахуулж магадгүйгээ ойлгосон даруйдаа Ерөнхийлөгчөөс галын дэмжлэг авч, бүлгийн даргаасаа хөдлөхгүй болсон юм. Тиймээс Ерөнхий сайд С.Чинзориг гишүүнийг сайд болгох гэж санал тавьж буй нь давхар, давхар нүүдэл гэж хэлж болох юм.

Дараагийнх нь Г.Тэмүүлэн. Өнгөрсөн парламентын үед “32” буюу М.Энхболдын талд ажиллаж байсан Г.Тэмүүлэнг сайдаар тавих хоёр шалтаг байна. Эхнийх нь мэдээж М.Энхболдын угшилтай нөхдүүдэд нэг сайд өгөх “өр”. Хоёр дахь нь Архангайн төлөөллүүд 2020 оноос хойшхи хоёр ч засгийн, гурван ч томилгоонд хоосон үлдсэн. Ганц дээгүүр давхих нь Ж.Мөнхбат байсан. Гэвч Ж.Мөнхбат нь Ерөнхийлөгчөөс эхлээд араасаа татах татуурга олонтой. Ё.Баатарбилэг нь Хөгжлийн банкны асуудлаасаа болоод сайд байтугай аавын хаалга татахгүй үлдвэл их юм болчихсон. Тиймээс сая байнгын хорооны дарга болсон Г.Тэмүүлэнг нь Боомтын сайд болгож бас нэгэн өр дарж буй хэрэг.

Сүүлийнх нь Ц.Даваасүрэн. Өнгөрсөн зун Цэцийн дүгнэлтийг эсэргүүцээд л эхэлсэн тэр угсруулан Сангийн сайдыг баахан ноолов. Үргэлжлүүлээд намын жагсаалт гээд ҮХНӨ-ийг нь эсэргүүцэж баахан бужигнуулж байгаа. Өөрөөр хэлбэл, түүнд ямар нэг юм өгөхгүй л бол ҮХНӨ-ийг явуулахад аюулын саад учруулж мэдэх хүн. Бүр зарлуулсан таван гишүүнийг эхлүүлсэн “Жинхэнэ нүүрсчид”-ийг зарлах зорилготой лобби бүлгийн идэвхтэн гарын үсэг цуглуулагч. Бүр толгойлох маягтай саарал ордонд харайлгаж буй. Тиймээс мань эрийг татаж унагаад, яаралтай “хашаандаа” хийхгүй бол ҮХНӨ ч үгүй, нүүрсний тэмцэл ч үгүй болох биз.

Ерөнхийдөө улс төр нэг иймэрхүү байдалтай өрнөх нь байна. Ойрын 24 цагийн дотор үсрээд л нэг нэр л солигдох байх. Гэхдээ нэгэнт гэрэл цохиулж баахан олны өмнө шонд өлгөчихөөд буулгалгүй явчихвал Ерөнхий сайд жинхэнээсээ хаврын улс төрд алуулах нь ойлгомжтой буй за.

Г.Лхагвадорж

ШУУРХАЙ: Дөрвөн сайдын томилгооны асуудлыг ТҮР ХОЙШЛУУЛЖЭЭ
ШУУРХАЙ: Дөрвөн сайдын томилгооны асуудлыг ТҮР ХОЙШЛУУЛЖЭЭ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.