Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Тулгат: АН-ын даргад надаар тогтохгүй олон хүн нэрээ дэвшүүлэх байх

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
6 минут 23 секунд

Ардчилсан намын гишүүн М.Тулгаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан намын хоёр талдаа гарчихаад байсан ҮБХ өчигдөр нэгдэж, зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Эл уулзалтад та ямар байр суурьтай оролцсон бэ?

-Манай нам хоёр жилийн хугацаанд дотоод хуваагдалтай, албан ёсны даргагүй хүнд нөхцөлд явсаар ирлээ. Хоёр талд байсан ҮБХ нэгдэж, зөвлөлдөх уулзалтаа хийлээ. Ардчилсан нам нэгдэх, хуваагдлын асуудлаа шийдэх түүхэн гэмээр үйл явдал болж байна. Зөвлөлдөх уулзалтаар ҮБХ-ны гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж, намынхаа асуудлыг шийдвэрлэхэд санал бодлоо хэлж хувь заяаныхаа эзэн болох асуудлыг ярьж байна. Мөн Үндэсний бодлогын хороогоо хуралдуулахаар боллоо. Эл хурлаар намын даргаа сонгох, дараагаар Их хурлаар батламжлах асуудлыг хэлэлцэхийг ҮБХ-ны ихэнх гишүүд дэмжлээ. Тэгэхээр Ардчилсан намын асуудал удаан хугацаанд үргэлжилсэн хэдий ч өнөөдөр нэг талдаа гарах шинжиндээ орж байна гэж ойлгож болно.

-АН-ын эв нэгдлийг хангах ажлын хэсэг УИХ дээр байгуулагдаад ажиллаж байгаа. Таны хувьд эл Ажлын хэсэгт ямар оролцоотой ажиллаж байгаа вэ?

-Хоёр талд байсан ҮБХ-гоо нийлүүлсэн хурлыг цаашид дахин явуулахын тулд УИХ дээр байгуулагдсан Ажлын хэсгийн дэд ахлагчийн байр сууринаас оролцоод явж байна. Эвлэрлийн асуудалд ажлын хэсэгт орсон гишүүд маш идэвхтэй ажиллаж байгаа. Богино хугацаанд олон зохион байгуулалтыг хийгээд явж байгааг харахад бахархалтай байна.

-Ардчилсан нам ҮБХ-ны хурлаа энэ сарын 10-нд хийхээр товлочихлоо. Эл хурлаар намын даргын асуудал яригдана. Гэхдээ намын даргаа ҮБХ-оороо сонгож, Их хурлаар батламжилсан ч шүүхийн шатан дээр очоод гацах вий гэх болгоомжлол бий. Өнгөрсөн хугацаанд шүүх дээр л асуудал нам гацчихдаг байсан шүү дээ?

-Миний хувьд ч ялгаагүй нэг талынх нь намын даргын сунгаагаар намын даргаар сонгогдож, шүүхээр бүртгүүлэх гээд гурван ч удаа бичиг баримтаа өгсөн. Тухай бүрт шүүхээс намын дотоод асуудлаа шийд гэх хариуг өгч буцааж байсан. Хоёр талд байсан ҮБХ нэгдээд хурлаа хийчихлээ. Эндээс гарсан шийдвэр нэг л байна. Манай намын маш олон гишүүд санаа зовоод ярьж байгаа. С.Эрдэнэ, Х.Баттулга гарч ирээд сонгосон намын даргыг нь хүлээн зөвшөөрөхгүй байх вий дээ гэж болгоомжилж байгаа талаараа зарим гишүүд хэлж байна.

Гэтэл Ардчилсан нам хэн нэг хүний өмч биш. Ялангуяа С.Эрдэнэ даргын тухайд намын даргаар 2017 онд бүртгэгдсэн нь үнэн боловч сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцож, огцорсныг нь өнгөрсөн оны есдүгээр сарын 27-нд УДШ-ээс АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхээс нь татгалзаж шийдвэрлэсэн. Түүнээс гадна 11 дүгээр сарын 10-нд Ардчилсан нам даргагүй, С.Эрдэнэ АН-ыг төлөөлөхгүй гэдгийг тодорхой тайлбар үндэслэлийг гаргаж тавьсан. Тиймээс одоо тэнд нэг хүн надад тамга байгаа гэж гарч ирж яриад энэ асуудлыг унагаахгүй.

Манайхан тамгатай хүн гэж яриад байдаг. Үндсэндээ бол УДШ дээр АН-ын тамганы маргаан хоёр жил явчихлаа. Тамга хаана байх чухал биш. Гол нь албан ёсны ҮБХ нь хурлаа хийгээд албажуулаад дүрмийн дагуу процессоо явуулахад бүртгэхэд бэлэн ийм нөхцөл байдал үүсчихсэн байгаа. Энэ тал дээр санаа зовох зүйлгүй.

-Таны хувьд С.Эрдэнэ талын АН-ын даргын сунгаад оролцож, сонгогдож байсан. Дараагийн намын даргад та өөрийнхөө нэрийг дэвшүүлэх бодол байгаа юу?

-Өмнөх дүрмээр сунгаа зохион байгуулагдсан. Одоо сунгаа биш ҮБХ-оор шийднэ. ҮБХ дээр намын даргад нэр дэвших хүмүүс нээлттэй. Миний хувьд ч дэвших боломжтой. Одоохондоо нэр дэвшихээ хэлэхэд эрт байна. Эхний ээлжинд намын хурлаа чамбай зохион байгуулах шаардлагатай байна. Түүний дараагаар надаар тогтохгүй бусад олон хүн нэрээ дэвшүүлэх байх гэж бодож байна.

-Эвлэрлийн үйл явцын дараагийн ажил юу байх вэ?

-Манай намын гол асуудал нь намын даргаа бүртгүүлж чадахгүй байгаа асуудал. Албан ёсны намын даргагүй учраас улс төрийн нам биш болчихоод байгаа юм. Энд тэнд намын дарга гэж өөрийгөө нэрлэсэн хүмүүс гарч ирээд олон хуваагдсан юм шиг болчихоод байна шүү дээ. Өнөөдрийн зовлон бол намын даргаа бүртгүүлж чадахгүй байгаа буюу албан ёсны

Ардчилсан нам зохион байгуулалтад ороход асуудал үүсчихээд байгаа нь шүү дээ. Тэгэхээр намын даргаа бүртгүүлэх ажилд бүх хүчээ шавхана.

Үүний дараагаар сөрөг хүчний хувьд анхаарал хандуулах ёстой нийгэм эдийн засгийн асуудлууд бий. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд манай нам үзэл баримтлалын хувьд төөрч явсан. Тэгвэл өнөөдөр ардчилсан нам баруун төвт үзэл санаан дээрээ бат зогсож, Монгол Улсын эдийн засгийн бодлогуудад тодорхой байр суурь, хөгжлийн бодлогуудаа тодорхойлж, түгээх ёстой. Хөдөө орон нутгаар явах, гишүүдээ идэвхжүүлэх зэрэг чухал ажлууд байна.

-Ярилцсанд баярлалаа.

ШУУД ҮЗЭХ:

Тамхин бүтээгдэхүүнүүдийн аль нь илүү ХОРТОЙ вэ
Тамхин бүтээгдэхүүнүүдийн аль нь илүү ХОРТОЙ вэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.