Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаан дээр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хүргэхдээ Улаанбаатар хот хоёрхон цас цэвэрлэдэг машинтай. Гэтэл дугуйгүй хоёр жил болж байна хэмээн ярьсан нь олны шүүмжлэлийг дагуулаад буй.
Уг асуудлаар тодруулахад тэрбээр "Улаанбаатар хот хоёрхон цас цэвэрлэдэг машинтай. Тэр нь эвдэрчихсэн мэт буруу ойлголт өгөхөөр ярьчихсан байна лээ. Асуудал бол зөндөө. Зөвхөн жишээ авч ярьсан нь дээрх хоёр техникийн асуудал байсан юм. Хот тохижилтын газарт харъяалагддаг цас хусаж цэвэрлэдэг, урдаа тосгууртай хоёр машин байдаг. Тэр нь ажиллах боломжгүй болоод дугуй байхгүй гэдэг шалтгаанаар хоёр жил тоосонд даруулаад хэвтэж байна. Парк шинэчлэл 10 жил хийгдээгүй юм билээ. Тиймээс цаашид энэ уламжлалт аргыг хална" хэмээсэн юм.