АН-ыг эвлэрүүлэх 39 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ахалж буй. Эвлэрүүлэх ажлын явц хэр өрнөж байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Батсууриас тодрууллаа.
-Эвлэрүүлэх ажлын хэсэг юу болж байгаа вэ. Ажлын хэсэг хуралдсан уу?
-2020 оны УИХ-д АН амжилтгүй оролцсон.Тиймээс шинэчлэл хийхээр болсон ч тамгатай, тамгагүй хоёр АН бий болсон. Нөхцөл байдлыг дүгнэж үзээд УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, намын үүсээд байгаа нөхцөл байдлыг засч залруулахаар 39 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт АН-ын бүх фракцын төлөөлөл, удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн багтаасан. Ажлын хэсэг гурван удаа хуралдаад байна. Мөн зөвлөлдөх багт 39 хүн бий. Нийтдээ 70-80 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гурван удаа хуралдсан. Ажиллах зарчим, дүрэм журмаа баталсан. Түүнчлэн гурван дэд хэсэг гаргаж, ажиллуулж байна. Маргааш 14.00 цагт ҮБХ-ны гишүүдтэй зөвлөлдөх уулзалтыг хийхээр бүх гишүүддээ урилга хүргүүлж байна. Улмаар ойрын хугацаанд ҮБХ-г хуралдуулж, шаардлагатай бол намын дүрэм журамд өөрчлөлт оруулаад, шинэ удирдлагыг сонгож, Дээд шүүхэд хүргүүлж ажиллана.
-Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаагийн эвлэрэлийн уулзалт хийсэн ч үр дүн гараагүй гэж олон нийт шүүмжилж байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Ахалж байгаа зарим хүмүүс гадаадад байна. Зарим нь хуралдаа оролцохгүй байна. АН бол хувь хүний, хувь улстөрчийн нам биш шүү дээ. Олон түмний сонголтод тулгуурласан 200 мянга гаруй гишүүдтэй. Үүнээс сонгогдсон хүн намын дарга болно. Нэг удаа хуралдаад л шийдчихдэг бол юу гэж 2.5 жил ингэж явах вэ дээ.