МАН-ын бүлэг хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, МАН-ын Бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Сүүлийн үед ард иргэд Монголын төрөөс шударга ёс тогтоохыг шаардаж байна. Ард иргэддээ тэгш боломж олгохыг хүсч байна. Тиймээс олуулаа Сүхбаатарын талбайд жагсах, үзэл бодлоо илэрхийлэх ажил тогтмол явагдаж байна. Тиймээс эрх барьж буй намын зүгээс УИХ, ЗГ-тайгаа хамтарч, үүсээд буй нөхцөл байдлыг олж, гарц шийдлийг оношилж тогтоох ёстой. Мөн ард түмнийг бухимдуулаад байгаа авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчлийг арилгаж, таслан зогсоох чиглэлд дорвитой арга хэмжээ авч ажиллах ёстой болоод байна. Үүнд бүлгийн гишүүдийн санал ч нэгдсэн. Авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчлийг арилгаж, таслан зогсоох чиглэлд гал унтраах чиглэлээр ажиллах нь зохимжгүй. Тиймээс хууль эрхзүйн орчинд нь иж бүрэн судалгаа хийж, багц арга хэмжээ авахад анхаарч ажиллах болсон.
Түүнчлэн шууд гэрээтэй холбоотой асуудал их хөндөгдөж байна. Тиймээс шууд гэрээ байгуулах эрх олгох эрхийг нь УИХ-д бүрэн шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Цаашдаа улс орон, стратегийн ач холбогдолтой гэж үзэж байгаа, шууд гэрээ байгуулах зайлшгүй шаардлагатай эдгээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг УИХ-ын түвшинд хэлэлцээд, эцэслэн шийддэг болох зарчмыг гаргаж тавьж байна" гэлээ.