UBN.MN сайт уламжлал ёсоор энэ оны нөлөө бүхий 30 хүнийг онцлон нэрлэж байна. Улиран одох гэж буй 2022 онд монголчуудын хувьд багагүй "донсолгоотой", үйл явдлаар арвин жил бол өнгөрөв. Улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг соёл, сошиал ертөнцөд үг үйлдэл нь сайн муу аль ч талаараа хүчтэй нөлөө үзүүлсэн нийгэмд зохих ёсны байр сууриа эзэлсэн эдгээр эрхмүүдийг тодруулахдаа фокус группын санал асуулга, эскфертийн үнэлгээ, манай мэдээллийн сайт болон сошиал орчинд тэдгээртэй холбоотой мэдээ мэдээлэлд ирсэн уншигчдын хандалт, сэтгэгдэл зэрэгт тулгуурласан болно.
У.Хүрэлсүх /Монгол Улсын Ерөнхийлөгч/
Ерөнхийлөгчөөр сонгогдоод даруй жил гаруй хугацааг үдэв. Өнөөдөр Монголын улс төрд, Монгол Ардын намд ч тэр номер нэг. Түүний "визгүй" явдаг улс төр гэж үнэндээ алга. ҮХНӨ, сайдуудын томилгоо, намын генсекийн асуудал гээд улс төрийн гол тоглолтуудыг бүгд түүний хяналтад өрнөж байна. Тиймээс нөлөө бүхий эрхмүүдэд хүртэл нөлөөлдөг гэдэг утгаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бол яах аргагүй жагсаалтын оройд бичигдэх эрхээ авав.
Л.Оюун-Эрдэнэ /Монгол Улсын Ерөнхий сайд/
2022 он саарал ордны гаднаас “Шаардаж байна” лоозонтой жагсаал, дотроос “Шүүрдэж байна” уриатай улс төрийн ажиллагаа тасарсангүй. Энэ хэрээр 2022 оныг тэрбээр хулгай, луйвартай өргөн фронтоор байлдсаар дуусгаж байна. Бүгдэд таалагдах үр дүн гараагүй байгаа хэдий ч бүх цаг хугацаанд нүдээ аниад өнгөрүүлдэг байсан Хөгжлийн банк, Нүүрсний хулгайг ил гаргав. Ядаж л хулгайг хэн хийсэн, хулгайд хэн хамжилцсан, хулгайлах боломжийг хэн олгосон гэдгийг олон нийт анзаарч эхлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн ажлаа хэрхэн дуусгахыг ирэх жилийн өдийд л дүгнэх боломж гарах буй за.
Д.Амарбаясгалан /ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/
Шулуухан хэлэхэд, Хэрэг эрхлэхийн дарга байснаас МАН-ын генсек байх нь дээр. Гэхдээ тэр 2022 онд барьцаа ахиулж энэ хоёр албан тушаалыг хоёуланг нь гартаа авав. Ж.Батмөнхөөс хойш МАН-ын генсекээр ингэж олон жил тасралтгүй ажилласан хүн ах намын түүхэнд лав байхгүй. Аргагүй чухал албан тушаал учраас оны төгсгөлд ах нартайгаа хүртэл муудаад амжив. Ирэх жилийн МАН-ын улс төр түүний тоглолтоос шууд хамаарна. Тэр яаж нүүнэ, улс төр дагаж хөдөлнө.
Г.Занданшатар /Монгол Улсын Их хурлын дарга/
Улс төр дээгүүрээ бужигнасан энэ цаг мөчид төвийг сахиж суугаа хүн бол Г.Занданшатар. Ардчиллыг хамгаалах, ардчиллыг улам бүр бэхжүүлэхэд парламентын засаглал бидэнд хэрэгтэй. Тиймээс парламентын засаглалыг төгөлдөршүүлэхийн тулд ҮХНӨ-ийг хийх ажлыг ирэх жил өрнүүлнэ гэж олон нийт харж байна.
Ч.Хүрэлбаатар /Эдийн засаг, хөгжлийн сайд/
2022 оны түүний хувьд улс төрийн эрх мэдлээ нэмэгдүүлж, эр бяраа эргүүлэн авсан жил байлаа. Эдийн засаг, хөгжлийн сайд буюу сайдуудын сайд болсон тэр Сангийн сайдаас ч илүү эдийн засгийн эрх мэдэлтэй болсон юм. Мөн нүүрсний зах зээлийн сувгуудыг цэгцлэхээр өөрийн хүмүүсээ тавьсан Ч.Хүрэлбаатар ирэх жилүүдэд нүүрсний зах зээлийн "гол тоглогч" нь байх болно.
У.Цогтбаяр /Жүжигчин, СТА/
Энэ оны онцлох хүнээр жүжигчин Цогтоог нэрлэж байна. Гэхдээ түүнийг энэ удаад уран бүтээлээр нь биш улс төрд хийсэн тэмцлээр нь онцолж буй юм. Оны төгсгөлд болсон жагсаал цуглааны гол дүрээр тодорсон түүнийг ингэж сүрхий тэмцэнэ гэж олон хүн төсөөлөөгүй биз. Гэхдээ тэр олон нийтийн төлөөлөл болж, шударга үнэний төлөө дуу, хоолойгоо хүргэж чадсан билээ.
Х.Нямбаатар /ХЗДХ-ийн сайд/
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын "гал хамгаалагч" гэж нэрлэгдэх хүртлээ бүх зүйл дээр гарч ирсэн хүн бол ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар. Бараг ажлын хэсэг бүрийг нь ахалж, алаантай сэдэв болгон дээр үсэрч гарч ирсэн тэрбээр засаг төрийнхөө төлөө цуцашгүй зүтгэлээ. Мөн олон жил гацсан байсан хуулийн төслүүдийг парламент руу оруулж ирсэн нь ч түүнд нэмэх оноо болох учиртай.
Т.Доржханд /УИХ-ын гишүүн/
Тогтолцооны өөрчлөлтийг ганцаараа зүтгүүлсээр яваа хүн бол Т.Доржханд. Сонгуулийн хууль, давхар дээлийн асуудлыг цэцээр ороход мэдээлэл гаргагчаар оролцсон тэрбээр оны төгсгөлд нүүрсний хулгайтай холбоотой их наядаар хэмжигдэх мөнгөн дүнг гаргаж иргэдийг баахан донсолгов. Ганц дайчин ганцаардахгүй гэгчээр ирэх жил ҮХНӨ-ийг хийх нь зорилго нь хуучирч болохгүй гэдгийг үүгээр дамжуулан сануулъя.
Б.Энхбаяр /УИХ-ын гишүүн/
Хөх тэнгэрээс өөр бурхангүй болсон МАН-д ялгарч буй цөөн улс төрчдийг онцлохгүй өнгөрч болохгүй. Нам засгийнхаа бодлого, шийдвэрийг зарим үед ил тод шүүмжилдэг түүн шиг гишүүн цөөн. Хуулийн мэдлэг, улс төрчийн мэдрэмжээрээ тэр бусдаас ялгарч буй түүнээс олон нийт их зүйл хүлээж байна.
Ц.Цогтбаатар /Жүдоч/
Жүдоч МУГТ Ц.Цогтбаатарыг урдаа барих тамирчин гэдгээс гадна олон хүүхэд залуусыг энэ спортод дурлах хүртэл нь нөлөөлж чадаж буй нэгэн хэмээн онцолж болно. Тивийн аваргаас хальсан түүний амжилт ДАШТ, Их дуулгын тэмцээнүүдээр үргэлжилж, “Токио-2020” олимпын хүрэл мeдалиар буухиалан өдгөө Дэлхийн аварга болсон тэрбээр энэ оны “Бөртэ Чоно”-ыг ч атгалаа. Спортод бол тэр “зогсож” болохгүй хариуцлага хүлээсэн тамирчин.
Seryoja /Artist/
Урлагийнхан дундаа ч “од” байсан нь артист, дуучин, реппер Серёжа. “Ёожа” хочит залуу энэ онд завсаргүй цацсан дуу бүрээрээ рок попт шинэ өнгө болж хэр “чансаатай” уран бүтээлч вэ гэдгээ баталж чадав. Тэр урлагт өрсөлдөгчгүй шахам гоцолж байна.
Ш.Энхийн-Од /Тамирчин/
Мөрөөдөлтэйгөө цуг алхаж яваа тамирчин. Монголын хамгийн анхны NBA-ийн тамирчин болох мөрөөдөлтэй Ш.Энхийн-Од энэ жил АНУ-ын их сургуулиудын (NCAA) нэгдүгээр девизоны Дэйтон Флайрс багт элсэн орсон. Монголын ”Майк”-ийн дамжуулах ур чадварыг нь Америкийн аналистууд онцолж буйгаас гадна Охайо мужийн хөгжөөн дэмжигчид Монгол Улсын төрийн далбааг барин Ш.Энхийн-Одыг маань уухайлан дэмжиж байна. Энэ л түүнийг хэн бэ, цаашид хэн болж чадах вэ гэдгийг бүрэн илтгэнэ.
С.Баярцогт /Улстөрч/
2022 онд эргэн ирэлт хийсэн хүмүүсийн нэг номер бол С.Баярцогт байх болно. Өнгөрсөн намар хэвлэлийнхний өмнө гарч ирж цагаадсан гэдгээ зарласан С.Баярцогт эрх баригчдад "аюул", нам дотроо аврагчийн дүрд хувирав. Хэдэн хэсэг хуваагдсан Ардчилсан намыг нэгтгэх ажлыг түүнийг хийнэ гэж олон нийт харж байна.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг /Сэтгүүлч/
Сэтгүүлзүйн салбарыг өнгөлж яваа түүнийг монголын ард түмэн дунд танихгүй нэгэн үгүй. Zarig.mn сайтыг үүсгэн байгуулснаас хойш, улс төрд байгаа болж, бүтэхгүй бүхнийг мөн авлига, албан тушаалын хэрэг зэргийн эсрэг бодитойгоор дуугарч ирсэн. Түүнээс гадна сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд 2022 онд “Хөгжлийн банк”-ны асуудлыг олон нийтэд ил болгож, улмаар Хөгжлийн банкийг хөл дээр нь босоход үнэтэй хувь нэмэр оруулсан.
Сэтгүүлч Ч.Лодойсамбуу /Сэтгүүлч/
"Улаан бал" нэвтрүүлгийг мэдэхгүй хүн цөөн. NTV телевизийн сэтгүүлч, продюсер тэрбээр сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй хамтран “Хөгжлийн банк”-ны асуудлыг нийгэмд ил тод болгож, хүчтэй дуугарч чадсан. Өнөөдөр Хөгжлийн банканд 1 их наяд гаруй төгрөг эргэн төлөгдөөд байна.
Н.Мандуул /Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал/
Энэ оны хамгийн том дуулиануудын нэг бол Хөгжлийн банкны асуудал. Оны эхэнд энэ хэрэг босч ирж улс төр нийгэм тэр чигтээ бужигнав. Нэг их наяд гаруйн хохиролтой болсон Хөгжлийн банкийг оны төгсгөлд гэхэд орших уу, эс орших уу гэдэг сонголтыг өмнө ирсэн Н.Мандуул захирал үр дүнтэй, зөв бодлого баримталж ажилласан учраас оны төгсгөлд нэг их наяд төгрөгийн эргэн төлөлт төвлөрүүлэв. Мөн Самурай бондын өрийг ч барагдуулав. Товчоор хэлбэл, дампуурч байсан Хөгжлийн банкийг түүний удирдсан баг хамт олон 2022 онд аварлаа. Авч үлдлээ.
Ц.Элбэгдорж /Ерөнхийлөгч асан/
Ц.Элбэгдоржийг энэ жил дайныг эсэргүүцэж, эрх чөлөөт, ардчилсан Монгол Улсын дэлхий дахин сурталчилсан хэмээн үзэж онцлох хүнээр нэрлэж байна. Түүний ОХУ-ын Ерөнхийлөгчид хандаж хэлсэн видео бичлэг бүхий мэдэгдэл сошиал орчинд бүүм болж, дэлхий нийт Монгол руу хараа чиглүүлсэн юм. CNN хүртэл түүнийг онцолж Монголд ардчилал "амьд", бүр илүү оргилж байна гэж мэдээлэв.
О.Хангай /Монгол Улсын аварга/
Олон жил түрүүлнэ гэж хүлээсэн Оргихын Хангай энэ жил 100, 101 жилийн үндэсний их баяр наадмаар 10 даван түрүүлж аварга хэмээх цолыг хүртсэн билээ. Залуухан аваргыг ирээдүйд олон олон наадмын тэргүүн магнай байгаасай гэж Монгол түмэн хүлээж буй. Аварга болохоос аварга байх нь илүү өндөр ачаа билээ.
Жек Уэтерфорд
Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой буюу "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг энэ жил хоёр хүнд гардуулсны нэг онцлох эрхэм нь Монголч эрдэмтэн Жек Уэтерфорд байв. Түүний бүтээсэн "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” бүтээл нь 20 гаруй орны хэл дээр орчуулагдсан төдийгүй монголчуудын түүх соёлыг илэрхийлэх хэд хэдэн бүтээл туурвисан юм.
Д.Доржготов
"Чингис хаан" одон гардан авсан дараагийн Монгол хүн нь Академич, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов юм. Түүний хувьд Монгол Улсад хөрсний газар зүйн судалгааг үндэслэгчдийн нэг, Москвагийн их сургуулийг энэ мэргэжлээр төгссөн анхны гуравхан хүний нэг. Тэрбээр ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагналыг Ази тивээс хүртэж байгаа хоёр дахь хүн болж байв.
Д.Сумъяабазар /Хотын дарга/
Шүүмжлэлийн гол бай болдог түүнийг нийслэлчүүд юу хийж бүтээхийг харж, хүлээж байна. Магадгүй түүний оронд хэн ч байсан ийм хэмжээний шүүмжлэл хүртэх нь ойлгомжтой. Харин юу хийж бүтээсэн байх нь хүн хүнээсээ шалтгаалаад өөр, өөр буй за. Товчхондоо, нийслэлчүүдийн аж амьдралыг залуурдаж яваа Д.Сумъяабазар сайн, муу аль ч талаараа хотын иргэдэд хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг юм.
З.Дашдаваа /АТГ-ын дарга/
Тэрбээр урд өмнөх жилүүдээс илүү бүхний хараанд өртсөн жил байлаа. Ажил мэргэжлээсээ шалтгаалаад өмнө нь ил гараад, сэлэм эргүүлээд байдаггүй ч Хөгжлийн банкнаас, нүүрсний хулгай хүртэл бүхий л хэргүүд түүний гараар орж байна. Улстөрчдөөс эхлээд олон арван авлигачид бүгдээрээ түүнийг царай алдаж, АТГ-ын дуудлагаас зугтаж явна.
Ж.Оджаргал /Бизнес эрхлэгч/
Монголын хамгийн том ажил олгогчдын нэг. Түүний үүсгэн байгуулсан MCS гэх их айл ажлын байр олголтоороо ч, татвар төлөлтөөрөө ч тэргүүн фронтод алхаж байна. Ж.Оджаргал бол Монголын бизнес, улс төрд хамгийн нэр нөлөөтэй хүмүүсийн нэг.
Ц.Баатарсайхан /Бизнес эрхлэгч/
“Таван богд” групп өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. ТОП аж ахуйн нэгж гэдэг нэр сүрээ тэд ирэх жилүүдэд ТОПУУДЫН эхэнд бичүүлэх том амбиц тээж яваа нь гарцаагүй. Ц.Баатарсайханы нэр нөлөөг энд ярих шаардлагагүй биз ээ.
П.Батсайхан /Бизнес эрхлэгч/
“Шунхлай” групп, АПУ гэх түүний удирддаг аж ахуйн нэгжүүд өнөөдөр татвар төлөлтөөрөө ч, хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээрээ Монголдоо тэргүүлж байна.
М.Анхцэцэг Монгол Улсын гавьяат тамирчин
Дэргэд гялалзсан од, дэндүү эрт ирсэн амжилтын эзэн М.Анхцэцэг Ази тивийн хошой аварга болсон амжилтаар нэгэн оныг жаргаав. “Алтан охин”-ы амжилт хямдхан олдоогүй гэдгийг тэрбээр дахин баталлаа.
Б.Орхонбаяр /Монгол Улсын арслан/
2022 оны наадмын хамгийн чимэг бөх бол Б.Орхонбаяр байлаа. Түүний уран хурц барилдаан олныг шуугиулж үзүүр түрүүнд хүрсэн юм. Эдгээрээс хамгийн онцлох барилдаан нь аваргыг давж, арслан болсон есын давааны барилдаан байсан юм. Залуухан арслан олон жилийн турш бөх сонирхогч түмнээ баясгах буй за.
Ч.Ганжавхлан “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн
Хүсэл биелүүлэгч “шидтэй ах” Ч.Ганжавхлан. “Ид шидийн орон-2” төслийг говийн бүсэд байгуулж аниргүйн дунд адтай жаалуудын мөрөөдлийг дахин амилуулсан хүн. Түүнийг АНУ-ын “Цагаан ордон”-оос “Алтан сайн дурын үйлстэн” хэмээн өргөмжилжээ.
Mood Болд
-“ЦЭГЦЛЭГЧ” Б.Болдыг 2022 оны нөлөө бүхий хүнээр нэрлэж байна. Нийтийн тээвэр, автобусны буудал, түгжрэл гээд томчуудын толгойны өвчин болсон асуудлуудын гарцыг хүртэл тээр холоос бус хамгийн ойроос харж чадаж буй мэдрэмжтэй нэгэн. “Моод” нэвтрүүлгийн продюсер Б.Болд олон залууст асуудал тулгарвал цэгцлэгч нь өөрөө бай гэх агуулгыг хүргэж буй нөлөөлөгч юм.
Б.Баатар /Найруулагч/
Би бол “Херо” гэсэн амбицыг “Тамгагүй төр” жүжигт сийлж чадсан “хэнээтэй” найруулагч. 24 жилийн дараа тайзнаа дахин амилуулж чадсан “Тамгагүй төр” жүжгийн өвөрмөц найруулгаар үзэгчдийн тархи, зүрх рүү довтолж чадсан тэрбээр мөн л “Шахсан бяслаг” шиг чамбай уран бүтээлээр шууруулаад өнгөрөв.
Ш.Доржсүрэн /Монгол Улсын Гавьяат жүжигчин/
Жүжиг эхэлмэгц зүрх савлуулсаар дуусгаж чаддаг, удтал хүлээсэн уран бүтээлээр үзэгчдийн цангааг тайлдаг “элдэвтэй” жүжигчин Дооёог 2022 оны нөлөө бүхий хүнээр нэрлэж байна. Тэрбээр “Гэм зэм”, “Тамгагүй төр” жүжгийн дүрүүдээрээ эргэн ирснээр үзэгчдийн нижигнэсэн алга ташилт тасраагүй юм. Соёл урлагийн салбарт ажилласан түүний 20 гаруй жилийн хөдөлмөр эзнийхээ энгэрт “гавьяат”-ын тэмдгийг гялалзуулсан түүхэн он улирч байна.
Фантастик /Уран бүтээлчид/
Кино урлагт “цойлох” хэдэн толгой бий. Тэдний нэг болсон “Фантастик” продакшныг 202- оны нөлөө бүхий эрхмүүдээр нэрлэж байна. Ямар ч цаг үед нөлөөлөгч байдлаа алддаггүй залуус энэ онд удаан “дарсан” Цурам ажиллагаагаа үзэгчдэд хүргэсэн. Кино урлаг гэх зэвсгийг тултал ашиглаж яваа залуус ч дурдъя.