Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг.
Тэгвэл манай улсын аялал жуулчлалын салбарыг өнгөлж яваа, шинэлэг өнгө төрхийг илэрхийж буй компани бол яах аргагүй "Баянхайрхан Трейд" ХХК юм. Энэ оны "Аялал жуулчлалын салбарын Энтрепренер"-ээр тус компани шалгарсан бөгөөд байгууллагын өнгө төрх, үйл ажиллагааны талаар "Баянхайрхан Трейд" ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Батцэцэгтэй ярилцлаа.
-Юуны түрүүнд "Аялал жуулчлалын салбарын Энтрепренер" болсонд нь баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Аялал жуулчлалын салбарын шилдэг ААН-ээр шалгарсанд өөрийн зүгээс болон байгууллага, хамт олныхоо өмнөөс туйлын их баяртай байна. Аялал жуулчлалын салбар мөн барилгын салбарт хийсэн бүтээн байгуулалтыг маань үнэлж, энэүү шагналыг өгсөнд баяртай байна. Энэ бол бидний дараа дараагийн ажилд маш их урам зориг өгч байгаа явдал юм.
-Цар тахлын хүнд үеийг бүгд туулсан. Тэр дундаа зарим байгууллага, ААН-үүд хаалга барих асуудал дээр ч хүрч байлаа. Гэхдээ тухайн үеийг танай компанийн хувьд маш амжилттайгаар, томоохон бүтээн байгуулалттайгаар туулж өнгөрүүлсэн шүү дээ. Түүнээс гадна охин компаниудаа ч мөн дурьдвал?
-Манай компанийн хувьд 1995 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. 2015 оноос эхлэн аялал жуулчлалын салбарт хүч сорьсоор ирсэн. Энэ цаг үед цар тахлын нөхцөл байдлаас үүдээд аялал жуулчлалын салбар уналтад орж байлаа. Гэхдээ энэ хугацаанд манай компани томоохон бүтээн байгуулалтыг хийж, цар тахлын хүнд үеийг маш амжилттай, бахархалтайгаар туулж өнгөрүүлсэн.
Мөн манай компании сүүлийн долоон жилийн хугацаанд хоёр том төслийг хэрэгжүүлж ажилласан байна. Энэ бол "Ресорт Ворлд Тэрэлж" цогцолбор мөн "Милленниум" зочид буудал. "Ресорт Ворлд Тэрэлж" цогцолбор нь монголын анхны вилла зочид буудал гэдгээрээ онцлог. Харин "Милленниум" плаза маань хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг, бизнес ангилалын зочид буудал.
-Аль ч орны жуулчид "Баянхайрхан Трейд" ХХК-ийн үйл ажиллагаа, үйлчилгээг олон улсын аялал жуулчлалын захиалгын систем буюу боокинг, агода, ай хотел зэрэг сувгуудыг ашиглан авах боломжтой байдаг шүү дээ. Энэ тал дээр мэдээлэл өгвөл?
-Гадаад жуулчдыг хүлээж авахдаа монгол инженерүүдийн маань хөгжүүлж байгаа Хорека.мн сайтыг ашигладаг. Үүнийг монголдоо хамгийн анх удаа манай "Милленниум" зочид буудал маань хэрэглэж байгаагаараа онцлог. Ирэх 2023 он бол аялал жуулчлалын жил. Үүнийг угтаж Хорека.мн сайтыг ашиглаж байгаа.
-Жил бүр МҮХАҮТ-аас шилдэг ААН-үүдийг шалгаруулдаг шүү дээ. Танай компанийн хувьд өмнө нь Топ ААН-ээр шалгарч байв уу?
-2018 он буюу одоогоос гурван жилийн өмнө энэхүү шагналаа авч байсан. Хоёр дахь удаагийн шагнал болж байна.
-2023 он хийгээд цаашдын зорилгоосоо хуваалцвал?
-2022 он болон өнгөрөгч жилүүдэд аялал жуулчлалын салбараа тасралтгүй үргэлжлүүлсэн. Манай хамт олон дэлхийн стандартад нийцсэн сүлжээ зочид буудлыг дотооддоо байгуулна гэсэн томоохон зорилгыг тавьсан байгаа. Энэ зорилгынхоо төлөө цаашид илүү их хөдөлмөрлөнө, бат зогсоно. Үйл ажиллагаагаа улам илүү өргөжүүлнэ гэж бодож байгаа.
-Ярилцсанд баярлалаа.