Хуралдаанаар Засгийн газраас 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, мөн Засгийн газраас 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” гэж заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, М.Оюунчимэг, Ц.Туваан, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Ц.Мөнх-Оргил, Б.Жаргалмаа нар асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, өнгөрсөн онд 2022 оны төсөв батлахдаа хүүхдийн мөнгө бол халамж бус хүүхдүүдийн ирээдүйд зориулсан хуримтлал, хөрөнгө оруулалт юм гээд халамжийн хуулиар зохицуулахыг хасаад Ирээдүйн өв сангийн тухай хуулиар зохицуулдаг болгосон. Гэтэл 2023 оны төсөвт хуримтлал бус халамж гээд эсрэгээр нь зохицуулаад оруулаад ирлээ. Монгол төрийн бодлого яагаад тогтвортой хэрэгжиж болохгүй байна вэ хэмээн тодрууллаа. Мөн хүүхдийн мөнгийг орлогоос нь хамаарсан байдлаар буюу нийт хүүхдийн 91 хувьд өгөөд, есөн хувь буюу 100 орчим мянган хүүхэд хасагдах юм байна. Үүнээс шалтгаалж төсөвт хэдэн төгрөгийн хэмнэлт гарах вэ гэж тодруулсан. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хүүхдийн мөнгөнөөс хасагдахаар тооцоолсон есөн хувьд бэлэн мөнгөөр бус хуримтлал байдлаар хадгалах хүсэлтэй бол түүнийг нь нээлттэй үлдээж болох эсэх талаар тодруулав. Асуулт асууж, хариулт авсан гишүүдийн олонх нь Засгийн газрын халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг Улсын Их Хурал дэмжиж байна. Гэхдээ халамжаас хөдөлмөрт бодлого нэрийн дор хүүхдийн мөнгийг 91/9 гэсэн зарчмаар оруулж ирэхдээ ямар тооцоолол хийснийг тодруулж, судалгаа хангалтгүй, үндэслэлгүй байна гэсэн байр суурийг илэрхийлж байв.