Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.11.15) хуралдаан 11 цаг 20 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, санг болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа
Хуралдаанаар эхлээд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, санг болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Гишүүдийн олонхийн саналаар Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийг, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Баярсайхан, Б.Бейсен, Ц.Идэрбэт, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Туваан нарын гишүүдийг томилж, тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүд олонхийн саналаар дэмжлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонсов
Үргэлжлүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонслоо. Мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан танилцуулав.
Танилцуулгадаа, Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцод нэгдэж, УИХ-аас 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдний онцлог, чадварт нь тохирсон ажлын байраар хангах, үйлчилгээг сайжруулах чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гээд хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд салбар дундын уялдаа холбоог хангах үүднээс 2016 оноос Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөл, яамдад дэд зөвлөл, аймаг, нийслэл, дүүрэгт салбар зөвлөл байгуулан ажиллуулж байна. Тус зөвлөлүүдэд яамд, холбогдох төрийн байгууллагын удирдах ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагын төлөөллийг оруулж, оролцоог хангаж ирснийг тэмдэглэв.
Мөн, 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын орон тооны бус комисс 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж байна. Үндэсний статистикийн хорооны 2021 оны жилийн эцсийн мэдээллээр Монгол Улсад нийт 106.1 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 42.4 хувь нь төрөлхийн, 57.6 хувь нь олдмол шалтгаантай байна. Мөн 0-18 насны 11.8 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 11.6 мянга нь хараа, 8.4 мянга нь сонсгол, 4.0 мянга нь яриа, 21.0 мянга нь хөдөлгөөн, 20.4 мянга нь сэтгэц, 7.4 мянга нь хавсарсан, 33.3 мянга нь бусад хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Хөдөлмөрийн насны 88512 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 13 мянга гаруй нь хөдөлмөр эрхэлж байгаа бол нийт хүүхдийн 7448 нь боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгааг танилцуулаад Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн талаар өгсөн мэдээлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 2021 онд Улсын Их Хурлаар батлагдахад хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүйн ажлын байрны төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулахтай холбоотой өөрчлөлт орсон гээд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас ТББ-уудтай хамтран 2021 онд хийсэн судалгаагаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийгмийн даатгалын санд бүртгэлтэй 25-аас дээш ажилтантай 6511 байгууллагын 3242 аж ахуйн нэгж, байгууллага буюу 50 гаруй хувьд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийн судалгаа хийхэд 9593 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахаас 7256 иргэн ажиллаж байгаа буюу хуулийн хэрэгжилт аж ахуйн нэгж, байгууллагад 61 хувь, төрийн байгууллагад 59 хувийн хэрэгжилттэй байгаа дүгнэлт гарсныг танилцууллаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулаагүйн ажлын байрны төлбөрөөс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2018 онд 1.1 тэрбум төгрөг төвлөрч байсан бол 2021 онд 11.5 тэрбум төгрөг болж өссөн байна.