Тавхан хоногийн дараа хүн бүхний хүсэн хүлээсэн шинэ он гарах гэж байна. Жихүүн өвлийг дулаацуулах шинэ жилийн баяр ойртох тусам хүн бүр, албан байгууллага болгон шинэ оноо угтан нэгэн жаргалтай үдшийг бүтээж буй.
Гэвч харамсалтай нь өнөө л муухай монголчуудын зан засрахгүй нь. Баярт очсон хүн бүр баярлах эрхтэй. Харин бусдад, тэр дундаа цахим орчинд аж төрөгч хар масст доромжлуулах биш. Өөрийнхөө хүссэн хувцсыг ч өмсөх эрхтэй. Бүгд адилхан байх албагүй учраас.
Олон нийтийн сүлжээнд тархсан ягаан даашинжтай бүсгүйн видео бичлэгийг хүн бүр үзсэн байх. Өөртөө итгэлтэй, хүн бүрийн харц булаасан сайхан бүсгүй өөрийнхөө эмоцийг л илэрхийлсэн төдий. Түүнд заавал уурлаж бухимдаад, үгийн муухайг шидээд байх ч албагүй шүү дээ.
Харин бүгд түүнийг эерэгээр хардаг болбол сайнсан. Баярлаж огшсон хүмүүс балгахан хатуу дарсандаа халахыг алийг тэр гэхэв. Гэхдээ тэр эмоцийг зөвхөн тэнд нь үлдээ. Гадагш бүү задруул.
Өөрийнх нь л зөвшөөрөлгүй бол битгий бусдын бичлэг, зургийг олон нийтийн сүлжээнд тавиач ээ гэж хүсье. Бусдын эрхэн халдах ЭРХ хэнд ч байхгүй гэдгийг бүгд ойлгодог болсон цагт л метро хот маань улам илүү хөгжинө. Баярлаж чаддаг, бусдын эрхийг хүндэлдэг болчихоод баяр тэмдэглэдэг болъё гэдэг уриалгаар энэхүү бичвэрээ төгсгөе.