АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Тэдний дунд УИХ-ын нэлээн олон гишүүдийн нэрсийг зарласан. Улмаар нэр дурдагдаад буй УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар нар өөрсдийг нь гүтгэж байна гэх мэдээллийг өгөөд буй.
Тиймээс өнөөдөр АТГ-ын гадна мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Жинхэнэ хулгайч нар нь үлдчихлээ. Улмаар гэм зэмгүй, дарга дагаж далдагадаггүй, дарга нарыг өрөөгөөр орж гардаггүй "Номхон тэмээ ноолоход амар" хүмүүсийг зарлаж байна. Миний авсан мэдээллээр прокурор, хуулийн байгууллагаас нэг гаргаагүй. Намаас өгсөн нэр юм байна. Тиймээс нэр зарласан хүмүүсээс нь энэ асуудлыг асуух гэж байна. Бодит байдлыг шалгаж тогтоож чадахгүй бол АТГ татан буугдах ёстой. Талбай дээр 8,9 хоног жагссан иргэдийн уурыг дарж, жагсаалыг намжаахын тулд нэр зарласан болж байгаа бол эндүүрч байна.
Өмнө нь олон удаа ийм зүйл болсон. Энэ бол танил сценари. Юманд хязгаар гэж байдаг. Тиймээс энэ байдлыг тодруулна. Биднийг яллагдагчаар, гэрчээр алинаар ч дуудаагүй. Энэ байгууллага битгий хэл нүүрсний асуудлаар хэн ч хэзээ ч бид нартай ярьж байгаагүй.
Миний эргэн тойронд нүүрстэй холбоотой хүн байхгүй. ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг гэдэг хүнийг огт танихгүй. Зүс мэднэ. Тэр бол Т.Аюурсайханы хүн. Т.Аюурсайханы туслах зөвлөхүүд бүгд баригдчихсан байна. Яагаад жинхэнэ хулгайч нараа зарлахгүй байгаа юм бэ.
Ер нь 40 их наядын хулгайг гудамжнаас хийж чадахгүй. Ордон дотор л хийнэ. Ордон дотроос хулгайг хийнэ. Тиймээс хулгайг ордноос хайх хэрэгтэй" гэлээ.