Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийв. Тэрбээр "Зам тээвэр салбарын бодлого шийдвэртэй холбоотой 2 чухал шийдвэр гаргалаа. Үүний нэг нь, АНУ-ын агаарын тээврийн компанитай хэлэлцээр байгуулах асуудлыг дэмжсэн. Энэ хэлэлцээр байгуулагдсанаар АНУ-Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой болж байна. Хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш жил орчмын хугацаанд бэлтгэл ажлыг хангах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 2024 оны эхээс Монгол Улсаас АНУ-ын дурын хот руу шууд нислэг үйлдэнэ. АНУ-ын Засгийн газрын зүгээс 2002 оноос хойш энэ асуудлыг тавих саналыг өгч байсан ч тодорхой шалтгааны улмаас Монгол Улсын ЗГ зөвшөөрдөггүй байсан. Харин өнөөдрөөс энэ зөвшөөрлийг олгож байна.
2019 онд Монгол, АНУ-ын хооронд зорчиж байсан иргэдийн тоо 60 орчим мянга байсан. Нийтдээ 40 орчим сая долларын зардал гаргаж, АНУ-Монгол Улсын хооронд иргэд зардал гаргадаг байсан. Тодруулбал, Сөүл, Бээжингээр дамжаад Монголын агаарын тээвэрт наалддаггүй байсан. Харин одоо АНУ, Монгол руу шууд нислэг үйлдэх бололцоо бий болох гэж байна.
Цаашдаа Австрали, Сингапур руу шууд нислэг үйлдэх боломжийг бий болгоно" гэлээ.