НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1992 оны 47/3 дугаар тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан билээ. Тэгвэл энэ жил “Хүртээмжтэй хөгжлийн дэвшилтэт шийдлүүд: Хүртээмжтэй эрх тэгш байдлыг дэмжихэд инновацын үүрэг” уриан дор тэмдэглэж байна.
Монгол Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 107 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Энэ нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлж байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 61095 буюу 57.0 хувь нь эрэгтэй, 45980 буюу 43.0 хувь нь эмэгтэй байна.
Гэхдээ дээрх тоо нь зөвхөн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа тодорхой хувь хэмжээгээр алдаж, хөгжлийн бэрхшээлтэй гэж тодорхойлогдсон хүмүүсийн тоо юм.
Нийгэмд хөгжлийн бэрхшээл гэдэг ойлголт өнгөрсөн урт хугацааны туршид буруу ойлгогдож ирснээр тусгай хэрэгцээт хүмүүс нийгэмд гадуурхагдах, хүчирхийлэлд өртөх, төрийн болоод хувийн аж ахуй нэгжийн үйлчилгээг бүрэн авч чаддаггүй, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүй хүрч ирсэн зэрэг олон асуудлууд тулгардаг болсныг салбарын судлаачид анхааруулдаг. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тодорхойлох нэршлийг өөчлөхөөс авхуулаад нийгэмд тэгш оролцоог хангах шаардлагатай байна.
Эдгээрээс гадна барилга байгууламж, зам талбайн тохижуулалт хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжгүй байдлаар хийгдсэн асуудал сөхөгдөж байгаа. Манай улсад 2019 оноос өмнө баригдсан барилгууд ерөнхийдөө ямар ч хүртээмжгүй. Хэдийгээр гаднаасаа ороход налуу зам тавьдаг ч орцонд ормогц лифтгүй гэхчлэн олон тулгамдсан асуудал байгааг салбарын удирдлагууд мэдээлж байна.
Уг асуудалтай холбогдуулан ХБХЕГ-ын Тамгын газрын дарга Ц.Нямсүрэн мэдээлэхдээ: "Эдгээрийг шийдвэрлэхэд баггүй хөрөнгө зарцуулна. Гэвч олон улсад уг асуудлыг бүрэн шийдэж болсон. Тиймээс манайд ч боломжтой гэж үзэж байна. Уг ажлыг эхлэл болгож яамнуудаас эхлээд эхний ээлжид Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 24 барилгыг хүртээмжтэй байдлаар тохижуулах шаардлагыг ирэх ондоо багтаан шийдвэрлэнэ. Улмаар асуудлыг шийдвэрлэх хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт өргөн барина." хэмээсэн юм.