Өнгөрсөн 2021 оны наймдугаар сарын 7-нд БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах ... хорооллын автомашины зогсоолд 11 настай хүүхэд өөрийн төрөл садангийн холбоотой 13 настай охин, 7 настай хүүг хутгалсан ноцтой гэмт хэрэг гарсан. Хэргийн улмаас 13 настай охин шархаа даалгүй газар дээрээ амиа алдсан ба түүний дүү болох 7 настай хүү хүнд гэмтэж эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж байв. Тэгвэл эл хэргийг үйлдсэн этгээд нь насанд хүрээгүй буюу 11 настай хүүхэд гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болох магадлалтай.
Гэвч 11 настай хүү өөрөө ийм гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа бөгөөд түүний ээж хэргийг хялбаршуулсан журмаар бус цагаатгуулах хүсэлтэйгээр прокурорын байгууллагад гомдол гаргажээ. Харин цагдаа болон прокурорын байгууллагаас 11 настай хүүг эл хэргийг үйлдсэн гэдгээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлээд буй юм. 11 настай хүүгийн шүүх хурал өнөөдөр /2022.11.21/ 10:30 цагаас болохоор товлогджээ.