Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ынхан Я.Содбаатарыг генсекээр тавихаар ТОХИРЧЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 48 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд хэн суухаас шалтгаалж, Ардын намын дараагийн улс төрийн дараагийн үйл явц өрнөнө. Уг нь намын дарга Л.Оюун-Эрдэнэ одоогийн генсек Д.Амарбаясгаланг дүрмээ өөрчлөөд үлдчихсэн санаатай байгаа ч, У.Хүрэлсүхийн өмнө аргагүй хүчин мөхөстөж байгаа аж. Ерөнхийлөгчийн институт МАН-ын генсекийг Ерөнхийлөгч нь авдаг хэмээн тун ч ширүүхэн зүтгэж буй гэнэ.

Эх сурвалжийн хамгийн сүүлийн мэдээллээр МАН-ын томчууд Ерөнхий нарийн бичгийн даргаараа Я.Содбаатарыг томилохоор эцсийн тохироондоо хүрсэн байна.

Өөрөөр хэлбэл, 80-аад оны төлөөлөл болсон Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар нам доторх улс төрөө бүрэн гартаа төвлөрүүлж чадахгүй нөхцөл байдалтай нүүр тулах бололтой. Уг нь ирэх 2024 оны сонгуулиар намын генсекээ өөртөө үлдээж чадсан бол Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнэд тун ашигтай байхаар байв. Одоо нам доторх тоглоомын хөзөр шууд утгаараа Ерөнхийлөгчийн гарт эргэлдэнэ гэсэн үг юм. Ирээдүйн улс төрөө бодсон ч, өнөөдрийн нэр нүүрээ бодсон ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ генсекээ өөрөө авах учиртай. Гэвч тэр өнөөдөртөө У.Хүрэлсүхийн өмнө ЖИЖИГДЭЖ байна.

Нэгэнт Ерөнхийлөгч ахынхаа өмнө хүчин мөхөсдөж, бяр нь дутсан хойно Я.Содбаатарыг МАН-ын генсекээр томилох ба томилсны дараа юу өрнөх вэ гэдэгт анхаарал хандуулах нь чухал юм.

Нэг, мэдээж намын дүрмийн асуудал. Ж.Мөнхбатыг ЗГХЭГ-ын даргаар томилоход дүрмийн дагуу ажлыг нь авч байсан. Гэтэл Д.Амарбаясгалан ямар давуу эрхтэй гэж дүрмээ өөрчилж давхар албан тушаал хаших гэж байна вэ гэх явуулгыг МАН дотор Ерөнхийлөгчийн институтээс хүчтэй өрнүүлж буй.

Хоёр, Батлахаа хураалгасан ч сэтгэлээ хураалгаагүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын нам доторх эрсдэлд орж болзошгүй байгаа нөлөөлөө эргүүлэн бэхжүүлж байна. Өнөөдрийн тогтолцооны дагуу Ерөнхийлөгчийн институт хэзээ нэг өдөр улс төр дахь эрх мэдлээ хумиулах нь ойлгомжтой. Н.Багабанди, Н.Энхбаяр гээд Ардын намын ямар ч хүчтэй Ерөнхийлөгч байсан энэ зүйлтэй нүүр тулсан. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувьд ч энэ бүхэнтэй хэзээ нэг өдөр нүүр тулна. Гэхдээ тэр үүнтэй энэ цаг үед л лав нүүр тулахыг хүссэнгүй. Тиймээс л тамгын даргаа генсекээр тавихаар эргэлт буцалтгүй чичирсэн бололтой. Сонгуулийн өмнө намын генсекийн суудалд хүнээ томилуулна гэдэг нь нэр дэвших процессоос эхлээд л маш өндөр ач холбогдолтой юм. Яваандаа сайн “зүлгэж” чадвал МАН-ын даргаар ч очих боломжийг олгох том сэнтий юм.

Гурав, У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид нэр дэвших яриа гарахаас хойш эхэлсэн МАН доторх үе хоорондын зодоонд бараг хоёр жилийн дараа 70-аад оныхон “гэрэл” асааж эхэллээ. Ерөнхий сайд тэргүүтэй 80-аад оны залуучуудын хөлд 70-аад оныхон өнгөрсөн хугацаанд бараг л үрэгдэх шахаж байв. Харин одоо Я.Содбаатар генсекээр томилогдвол 70-аад оныхон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн далбаан дор МАН-ын улс төрд эргэн сэргэх үү гэдэг асуулт хариултаа нэхэх болно.

Дөрөв. Эсрэгээрээ 80-аад оны залуучууд бага багаар байр сууриа алдахын эхлэл энэ болох байх. Улс төр бол үе хоорондын тоглоом. Ялангуяа Ардын намын хувьд үеийн асуудал маш өндөр ач холбогдолтой байдаг. Тиймээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 70-аад оны ах нарыгаа 80-аад оны дүү нар нь хангалттай дарж, нам засагтаа засаглав. Гэвч нэгдүгээр хүний оролцоотойгоор энэ нөхцөл байдлыг эргүүлж болохуйц эргэлтийн цэгийг 70-аад оны төлөөлөл болох Я.Содбаатар авч ирж мэдэх юм.

Эцэст нь хэлэхэд, өнөөдөртөө Монголын улс төрд, Ардын намын улс төрд Ухнаагийн Хүрэлсүхийг давах аавын хүү байхгүй хэвээрээ л байна. Харин Я.Содбаатар МАН-ын генсекээр томилогдвол ирэх намар юу болох бол...

Г.Лхагвадорж

Н.Учрал: Б.Болор-Эрдэнэ өөрийн мэдлэг боловсрол,туршлагаараа манай салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж ажилласан
Н.Учрал: Б.Болор-Эрдэнэ өөрийн мэдлэг боловсрол,туршлагаараа манай салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж ажилласан
 
Угаарын хийн хордлогын 48,6 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна
Угаарын хийн хордлогын 48,6 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.