Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон билээ.
Чингис хаан одонг нийт 14 удаа тус одонг олгосон байдаг бөгөөд энэ жил тус одонг хэн хүртэх вэ гэдэгт олон нийт анхаарлаа хандуулж буй. Өчигдрөөс эхлэн олон нийтийн цахим сүлжээнд тус одонг "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайханд олгохоор болсон гэх албан бус мэдээлэл цацагдсан. Эл мэдээллийг ЕТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайханд Чингис хаан одонг хүртээхээр болсон гэх мэдээлэл нь ташаа гэдгийг хэлье. Чингис хаан одонгоор шагнагдах хүний нэрийг журмаараа ирэх долоо хоногийн Даваа гарагт зарлана. Шагнал гардуулахаас 3-4 хоногийн өмнө ЕТГ-аас зарлах ба тэр хүртэл эл мэдээллийг нууцлах ёстой байдаг" гэлээ.