УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа "СЭМҮТ-д дэлгэцийн хамааралтай хүүхдүүдийн нөхцөл байдал ямар байна вэ. Бид энэ чиглэлд сургалт сурталчилгаагаа хийж чадаж байна уу" гэв.
СЭМҮТ-ийн дэд захирал, Анагаах ухааны доктор В.Баярмаа "Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд жилд 300 орчим хүүхэд амбулаториор үзүүлээд явж байна. Үүний 70-80 орчим хувь нь дэлгэцийн хамааралтай хүүхдүүд эзэлж байгаа. Хандаж буй хүүхдүүдийн дийлэнх нь өсвөр насны эрэгтэй хүүхдүүд байна. Энэ чиглэлд бага насны хүүхдүүд эрүүл мэндийн хичээлийн агуулгад өөрчлөлт оруулж өгсөн" гэв.