Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргаашаас байгалийн гамшигт үзэгдэл тохиож, зам давааг хааж болзошгүйг анхаарууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 27 секунд

Онцгой байдлын ерөнхий газраас Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран өнөөдөр /2020.05.14/ цаг агаарын аюулт үзэгдлийн талаар мэдээлэл хийлээ.

Маргаашаас эхлэн нийт нутгаар эрс хүйтэрч, орон нутагт хүчтэй шороон болон цасан шуурга шуурахыг анхаарууллаа. Тухайлбал, энэ сарын 14-15-нд шилжих шөнө баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 15-ны өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар 16,17-ны өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж салхи секундэд 18-20 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүрч ширүүсч онц хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Энэхүү байгалийн гамшигт үзэгдэл нь 2008 оны тавдугаар сарын 26, 27-нд болсон цаг агаарын онц аюултай үзэгдэлтэй төстэй байна гэж ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал мэдээлсэн юм. Түүний хэлснээр энэ сарын 15-нд Хэнтий, Сүхбаатар, Говь сүмбэр, Дорноговийн нутгаар Төв Дундговийн зүүн хэсгээр салхи 26-28 метр ширүүсч  зарим үед 34м/с хүрч гамшигт үзэгдэл болох төлөвтэй байна. Мөн Төв аймаг, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурах байгалийн гамшигт үзэгдэл ажиглагдах аж.

Мөн тэрээр "2008 онд болсон гамшигт үзэгдлийн үеэр цаг уур, онцгой байдлын байгууллагаас урьдчилан сэргийлэх мэдээг хүргэсээр байсан ч 52 хүний амь эрсдэж, 324,000 мал хоргодож, эрчим хүчний болон холбооны шонгууд нурж, 100 гаруй гэр, байшингийн дээвэр хийсэж байсан. Гамшигт үзэгдэл хэдийгээр байгалийн хүчин зүйл хэдий ч, иргэдийн хайхрамжгүй байдал ч мөн үүнд нөлөөлсөн." хэмээн анхааруулсан юм.

"Орон нутгийн зам, давааг хааж болзошгүй"

Харин ОБЕГ-аас цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам давааг хааж болзошгүй талаар мэдээллээ. 

ОБЕГ-ын дэд хурандаа Б.ДУЛАМСҮРЭН: 

"Энэ сарын 15, 16-ны өдрүүдэд цаг агаарын аюултай үзэгдэл болох тул малчид малаа холын бэлчээрт гаргахгүй байхыг зөвлөж байна. Мөн иргэд цаг агаарын мэдээллийг тогтмол авч, ойр дотнын хүмүүстээ мэдээлэх хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасантай холбоотойгоор нийслэл дэх иргэд бага насны хүүхдээ хөдөө орон нутаг руу явуулсан. Иймд хөдөө орон нутагт бага насны хүүхдийг гэрээс нь гаргахгүй байх хэрэгтэй. Гадаа тоглуулахгүй байх, малын бэлчээрт явуулахгүй байхыг анхааруулж байна.

Мөн амралтын өдрүүдэд хөдөө орон нутгийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ амралтын өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдэл ажиглагдах тул иргэд, жолооч нар холын болон ойрын замд явахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Ялангуяа Зүүн аймгуудын нутгаар зорчихгүй байх нь зүйтэй" гэлээ.

Ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажилласнаар ой хээрийн түймрийн дуудлага буурчээ
Ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажилласнаар ой хээрийн түймрийн дуудлага буурчээ
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.