Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд Чингис хаан Олон Улсын нисэх буудлаас БНХАУ-ын хоёр иргэн их хэмжээний алтыг хууль бусаар Монгол Улсаас авч гарах гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ талаарх мэдээлэл өчигдөр оройн 16:20 цагт бүртгэгдсэн ба БНХАУ-ын 2 иргэн гар тээшиндээ 393.9 грамм шар өнгийн металл /алт мэт/ зүйлийг нууж гаалийн байгууллагад мэдүүлэлгүйгээр тээвэрлэж, Монгол Улсын хилээр гадагш хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Дээрх шар өнгийн металлыг Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжээч томилон хүргүүлж алт эсэхийг нь тогтоох ажиллагаа хийж байгаа аж. Эл хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсээс шалгаж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
НЭМЭЛТ: Дээрх үйлдэлд ямар хуулийн хариуцлага хүлээлгэхээр хуульд заасан байдаг талаарх мэдээллийг сонирхуулья. Монгол Улсын Эрүүгийн хуульд “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийг хуульчилсан.
Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйл. 1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэс, эрдсийг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг: 2.1.албан тушаалынхаа байдлыг ашиглаж; 2.2.байлдааны галт зэвсэг, галт хэрэгсэл, цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, тэсэрч дэлбэрэх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
5.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хоёр зуун мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.