Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын эрх бүхий төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилсон.
Тэрбээр өчигдөр орой “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр ажиллахаар очсон бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн тамга тэмдгийг нь хурааж авсан байдаг.
Энэ талаар Б.Ганхуягаас тодрууллаа.
-Бүрэн эрхт төлөөлөгч томилогдлоо. Ажил хэр явагдаж байна?
-"Эрдэнэс Тавантолгой" бол хувьцаат компани. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн хуралтай. Төр 81.7 хувийг эзэмшдэгийн хувьд төрийн гаргасан шийдвэрийг биелүүлнэ. Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Ер нь 500-600 сая ам.доллар босгоно гэдэг бол амархан асуудал биш. Хязгаарлалттай гарч байгаа экспортыг зөв зохистой гаргах ёстой.
Бүрэн эрхт төлөөлөгчийн хувьд хамтарч ажиллана. Ямар нэгэн үл ойлголцол байхгүй. Компанийн үйл ажиллагаанд дэм болох үүднээс мэдээллээр хангаад явж байна.
-Тамга тэмдэгийн тухайд?
-Тамга надад байдаггүй. Тамгын газрын даргад байдаг. Талууд хамтраад урагшаа явна.
-Бүрэн эрхт төлөөлөгч томилж, валютын нөөц нэмэгдүүлэх чиглэл өглөө. Бүрэн эрхт төлөөлөгчийн томилгоогүйгээр та бүхэн нэмэгдүүлэх боломжгүй байв уу?
-Бид дөрөвдүгээр улиралд 300-450 сая ам.доллар бүрдүүлнэ гэж хэлсэн. Засгийн газрын тогтоол гарч буйтай холбогдуулан саналаа өгсөн. Үүнийг 500-600 сая ам.доллар болгох боломжтой гэж.. Нэгэнт үүрэг өгсөн юм чинь зүтгээд ажиллана. Гэхдээ нөөц нь 300-450 сая ам.доллар.
-Өдөрт 360 машин гарч байгаа гэх мэдээллийг Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өглөө. Тэгэхээр 500-600 сая ам.доллар олохын тулд энэ тоог хэр нэмэгдүүлэх ёстой вэ. Хэдэн хувь нь Оптек гэрээний төлбөрт явж байгаа вэ?
-Хилээр өдөрт 560-600 машин гарч байгаа. Үүний 60 хувь буюу "Эрдэнэс Таван толгой", 25 хувь нь "Энержи ресурс", 15 хувь нь орон нутаг. Уртын тээвэрт 800 явж байна. 800-гийн 60 хувь гэдэг нь манай 360 гэсэн үг. Тэгэхээр уртын тээврийг нэмэгдүүлнэ. 2022 онд гарсан нийт нүүрсний 670 мянган тонн буюу 11-13 хувийг Оптек гэрээнд өгсөн.
-Гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа вэ?
-Өндөр хувьтай байгаа. 9.3 сая тонн нүүрс олборлож, 8.3 сая тонн нүүрс экспортолно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Компанийн санхүүгийн нөхцөл байдал өчигдрийн байдлаар 8.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай үзүүлэлттэй гарсан. Оны эхэн гэхэд 1 их наяд руу дөхөх байх.