Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргажээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолоор Монгол Улсын төлбөрийн тэнцлийг хангахтай холбоотойгоор валютын нөөцийг бүрдүүлэх үүрэг даалгавар өгөгдсөн. Энэ дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг оны төгсгөл гэхэд 500 сая ам.доллар татан төвлөрүүлэх үүрэг чиглэл өгөгдсөн байдаг. "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэрт 300 сая ам.доллар, уул уурхайн бусад компанид борлуулалт хийсэн бүтээгдэхүүнийхээ мөнгийг татан төвлөрүүлж оруулж ирэх үүрэг өгсөн.
Үүнтэй холбоотойгоор "Эрдэнэс Тавантолгой" компани дээр Засгийн газрын тогтоол гарлаа. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, тогтоомжид заасан компанийн үндсэн үйл ажиллагаа, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, төлөөлөх Засгийн газрын эрх бүхий төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилон ажиллуулаар шийдвэрлэлээ" гэв.
Онцгой дэглэмийн хугацаанд:
- Компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх,
- Технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, ослоос сэргийлэх дүрэм журмыг нарийвчлан тогтоож, зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэх,
- Тавантолгой нүүрсний ордоос нүүрс ачих, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх бүхий л шатанд шаардлагатай арга хэмжээг тухай бүрд нь авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад үүрэг болгосон байна.