УИХ-ын чуулган үргэлжилж байна. Үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин "Мэргэжлийн хяналтыг татан буулгах юм байна. Салбарын хяналттай болох юм байна. Хяналтууд нь ААН-үүдтэй давхцаад улам хүнд суртал бий болох вий. Хүний амь нас, эрүүл мэндээс хол хяналтуудаа салбар луу нь өгч болж байна. Хүний амь нас, байгаль орчинтой холбоотой хяналтыг нэгдсэн хяналтаар явах нь зөв байх" гэв.
МХЕГ-ын ТНБД Б.Баасандорж "2003 онд Төрийн хяналт шалгалтын тухай хууль батлагдсанаар 13 хяналт шалгалтыг нэгтгэж байсан. 2011 онд хуульд орсон өөрчлөлтөөр эрсдэлд суурилж хяналт шалгалтаа төлөвлөдөг болсон. 2003 онд байгуулагдсан төрийн хяналт шалгалт өнгөрсөн 20 жилийн хугацаанд нэгдмэл тогтолцоотой байхаа больсон.
МХЕГ хуулиар хүлээдэггүй олон чиг үүргийг хүлээдэг болсон. Олон улсад мэргэжлийн хяналтын нэгдмэл тогтолцоотой 3-4 орон л байгаа. Мэргэжлийн хяналтын нэгдмэл тогтолцоо "эрэмдэг" болсон" гэв.