Энэ сарын 7-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Соёлын төвд зодоон болж, хуулийн байгууллагын ажилчид нэгнийгээ хүнд гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Мөнгөнморьт суманд багш нарын баярт зориулсан бүжгийн цэнгүүн болсон бөгөөд энэ үеэр ШШГЕГ-ын Хорих 417 дугаар ангийн захирагч, дэд хурандаа О.Нямбаатар, Экологийн асуудал хариуцсан цагдаагийн ахлах дэслэгч Ч.Тулга нар хоорондоо маргалдаж, О.Нямбаатар нь Ч.Тулгын биед хүнд гэмтэл учруулж, Ч.Тулга нь ГССҮТ-д хүргэгдсэн байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодруулахад "Өнгөрсөн 7 хоногийн Баасан гарагт буюу 10 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын багш нарын баярын арга хэмжээ сумын Соёлын төвд болсон байна. Энэ үеэр тус сумын цагдаагийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж Соёлын төвийн орчимд эргүүл хийх үедээ болж буй арга хэмжээг цагийн хуваарийн дагуу зохион байгуулах талаар зохион байгуулагч нарт мэдэгдэх үед тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нэг удаа өнгөрөөчих зэргээр цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэн улмаар биед халдаж зодсон байна. Дээрх хэрэгт тус аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байна" хэмээлээ.