Монгол Улсын Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг өнгөрөгч долоо хоногт УИХ-д өргөн барьсан. УИХ-ын зарим гишүүд ирэх оны төсвийг төрийн хэмнэлтийн хууль зөрчиж, зардлыг данхайлгаж тооцсоныг эрс шүүмжилж байгаа бол харин орон нутгаас сонгогдсон гишүүдийн хувьд аймагт тавигдах төсвийн тооцооллыг их багаар нь ялган зарга мэдүүлж буй. Ямартай ч төсвийг тойрсон хэд хэдэн онцлох асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяатай ярилцлаа.
-Ирэх оны төсвийн төсөлтэй та танилцсан байх. Төсвөөр юу байна?
-Ковид-19 цар тахлын үед дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэлтэй улс орнууд инфляцаа барих, гадаад валютын албан нөөцийн хомсдолд орчихгүй байх тал дээр ихэд анхаарч улс орон бүр төсвөө боловсруулж байна. Монгол Улсын хувьд ирэх оны нэгдсэн төсвийн төсөл өнгөрөгч долоо хоногоос эхлэн яригдаж, мөнгөний бодлого ч мөн үүнтэй уялдаж байх шиг байна. Бид өнөөдөр валютын ханшаа барина гэхээс илүүтэй гадаад валютын албан нөөцийг хадгалахад онцгой анхаарах цаг ирсэн. Учир нь гадаад валютын албан нөөцгүй болчихвол Монгол Улс хадгаламжгүй болж, бид гаднаас импортолдог эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун гээд гол нэрийн бүтээгдэхүүнээ авч чадахгүйд хүрнэ. Тиймээс мөнгөний бодлого төсвийн бодлоготой хамт нэг зүгт чиглэх шаардлагатай байна.
-Төсвийн хөрөнгө оруулалт аймаг бүрд тэгш бус байхаар тусгасан асуудлыг ялангуяа орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд хурцаар шүүмжилж байна. Тухайлбал, Хэнтий аймагт ирэх онд хамгийн өндөр төсөв буюу 271 тэрбум төгрөг тусгахаар болсон бол Говьсүмбэр аймагт хамгийн бага буюу 11 тэрбум төгрөг байхаар төсөлд оруулжээ. Үүний цаана улс төрийн ямар нэгэн лобби байгаа юм биш биз гэсэн яриа ч гарах болов?
-Ирэх оны төсвийн төсөлд өмнөх онуудад он дамжин хэрэгжиж байсан төслүүд багтаж байгаа. Олон жил царцсан аймгуудын төслүүдийг ирэх онд дуусгах зорилгоор төсвийн хөрөнгийг тооцоолсон нь зарим аймгуудын төсвийг харьцангуй байдлаар харагдуулж байна. Нөгөө талаараа хэрэгцээ шаардлагагүй бүтээн байгуулалтыг он дамжуулан төсөвт дарамт үүсгэж байгаа асуудлыг ч үгүйсгэж болохгүй. Төсвийн хөрөнгөөр хэсэгчилж хийгдэж байгаа ажлууд дараа ондоо зардал нь огцом нэмэгдээд орж ирдэг учраас хугацаа сунгахгүйгээр дуусгах шаардлагатай гэж Засгийн газраас үзэж байгаа.
Томоохон төслүүдийг улстөржүүлж гацаадаг байдлыг хууль гаргаж зохицуулах шаардлагатай
-Ирэх оны төсвийн төсөлтэй хамт дагалдуулсан хуулийн төсөлд гадаадаас хөрөнгө оруулалт татах асуудлыг тусгасан байсан. Тухайлбал, Улсын шинж чанартай томоохон мега төслүүдийг санхүүжүүлэхэд гадны банкны салбарыг нээх талаар холбогдох албаны хүмүүс мэдээлсэн. Хуулийн төсөл ямар шатандаа явж байгаа вэ. Хуулийн төслийг та юу гэж харж байгаа вэ?
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-д өргөн барьснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн. Өмнө нь 2-3 удаа ажлын хэсэг гарч хуулийн төсөл дээр ажиллаж байсныг санаж байна. Тухайн үед одоогийн Сангийн сайд Б.Жавхлан ажлын хэсгийг ахалж 20 гаруй гишүүд гарын үсэг зурж, УИХ-д төслийг өргөн барьж байсан юм. Мега төслүүдийг явуулахад төрийн бодлого тууштай байгаад санхүүгийн тогтолцоо нь өөрөө ойлгомжтой байвал гадаадын хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй байж чадна. Асуудлын гол нь манай улс Олон улсын санхүүгийн тогтолцоог баримжаалж, аль нэг улсын хамааралгүйгээр өрийн таазыг нэмэгдүүлэхгүйгээр яаж хөрөнгө оруулалтыг сайжруулах вэ гэдгийг Засгийн газраас судалж байна. Гэхдээ улсын хөгжлийг хөдөлгөх томоохон мега төслүүдийн зарим нь арилжааны шинж чанартай явах боломжтой. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өрийг нэмэхгүйгээр өөрөө орлого олж эргэн төлөлтүүдээ хийгээд явах боломжтой гэж харж байгаа. Тухайлбал, үүнд эрчим хүч, төмөр замын төслүүд, Олон улсын тээврийн төслүүд гэх мэт. Эдгээр нь сургууль барихаас тэс өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор хуучин концессын тухай хууль гэж нэрлэгддэг байсан одоогийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг УИХ-ын энэ намрын чуулганаар батлах гэж байна. Гэхдээ Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын төсөл шиг зарим томоохон төслүүдийг улстөржүүлж гацаадаг байдлыг хууль гаргаж зохицуулах шаардлагатай байна. Ер нь том төслүүдийг хөдөлгөхөд амаргүй л дээ. Ялангуяа Монгол шиг улсад ганц хоёр жилийн дотор баригдчихдаггүй. ТЭЗҮ хийгдээд, хөрөнгө оруулалт нь шийдэгдээд, зөвшөөрөл нь гараад явдаг учраас магадгүй хэдэн парламент ч дамжиж магадгүй юм.
-Төсвийн төсөлтэй танилцах явцад шаардлагагүй урсгал зардлууд хэр их байх шиг байсан бэ? Ер нь төслийн тооцоо, судалгаа хэр бодитой байна гэж та харсан бэ?
-Урсгал зардлыг би хараахан харж амжаагүй байна. Гол нь төсвийг дагалдах хуулиуд, макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг харж байна. Хатуу хэдэн тооцоолол бодож үзвэл,1.2 сая хүн нийгмийн даатгалын шимтгэл төлөөд 300 гаруй мянган ахмадын тэтгэврийг тавьж чаддаггүй. Жил бүр улсын төсвөөс тэтгэврийн зөрүү болох 1 их наяд гаруй төгрөгийг гаргадаг. Мөн хүүхдийн мөнгөнд 1.4 их наяд төгрөг зарцуулдаг. Төрийн албан хаагчийн цалин 2 их наяд, төрийн байгууллагын ус, дулаан, бичиг цаасны зардалд дахиад 2 их наяд орчим төгрөг зарцуулж байна. Эдгээр зардлууд нь төсөвт маш том жин дарж орж ирж байгаа. Төсвийн реформ хийнэ гэдэг бол салбарын сайд болгон салбарынхаа реформыг хийх ёстой. Тэрнээс биш Сангийн яам эрүүл мэндийн реформыг хийх ёсгүй. УИХ дээр бид нар ганцхан сарын дотор тооцоо судалгаа муутайгаар газрын татварын реформыг хийхэд хэцүү. Бүтэн жил бэлдэж байж төр дээр ирэх ачааллыг бууруулах ёстой. Өнгөрсөн хугацаанд хийсэн бидний хамгийн том реформ бол эрүүл мэндийн даатгалын шинэчлэл байлаа. Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд даатгалын сантай хамтарч иргэдэд үйлчилсний төлөө даатгалын сангаас санхүүжилт авч байна. Түүн шиг бусад салбарууд ч мөн бодлогын реформ хийх цаг болсон. Тиймээс хагас дутуу тоотойгоор “попорсон” шийдвэр гаргах юм бол энэ нь нэмэр болохоосоо “ус” болсон шийдвэр болно.
Б.Мягмарсүрэн