УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2023 оны төсвийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 2023 оны төсөвтэй холбоотой санал бодлоо илэрхийллээ.
Тэрбээр "2018-2020 оны хооронд Засгийн газрын гадаадаас авсан зээлийн 44,1 хувь нь төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулагдсан гэсэн. Үүнээс харахад бид гадаадаас зээл аваад төсвийн алдагдлыг л нөхөөд байна гэсэн үг. 44 хувиар төсвийн алдагдал нөхнө гэдэг бол маш аюултай нөхцөл байдалд орж байна.
Энэ жил 1,5 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлах гэж байна. Тиймээс энэ төсвийн алдагдлыг нөхөөд алдагдалгүй төсөв баталъя.
Түүнээс гадна сүүлийн 10 жилд гадаад зээл өсч байна. Энэ бол төсвийн алдагдлаас үүдэлтэй. Тиймээс хоёр асуулт тавъя.
- Нэгдүгээрт 44 хувийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан нь үнэн үү.
- Хоёрдугаарт 1,5 их наядын алдагдлаа хаагаад алдагдалгүй төсөв баталж болохгүй юу" гэх асуултыг тавьлаа.
Үүнд Сангийн сайд Б.Жавхлан дараах хариултыг өглөө. Тэрбээр,
"Цаашид бид эдийн засгийн хүндрэлд орохгүй байх нь чухал. 2022 оны төсвөөс 850 тэрбум төгрөгийн алдагдлаа энэ онд бууруулж орж ирж байгаа. 2024 оны түвшинг нэг жилээр наашлуулж байгаа. Мөн төсвийн алдагдлыг нөхөөд алдагдалгүй төсөв батлах боломж байвал баталмаар байна" гэлээ.