Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Тэдний “ЭЭЖ“

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
12 минут 30 секунд

Ээжийн үнэр хэзээ ч мартагддаггүй шиг цэцэрлэгийн багшийн төрх хэзээ ч сэтгэлээс арилдаггүй. Яагаад гэдгийг хэлж мэдэхгүй ч тэр л багшийн төрх, хийж буй үйлдэл, хэлж буй үгс сэтгэлд тодоос тод үлдсэн байдаг.

Юугаа ч мэдэхгүй айж, уйлсанаа ч анзааралгүй алмайран зогсож байхад өөдөөс инээн, тэврээд үнсэх, айдсыг нулимстай хамт сарниулдаг тэр нэгэн хүнийг цэцэрлэгийн багш хэмээдэг болов уу.

Дэлхийн багш нарын өдөр хэдхэн хоногийн өмнө тохиов. Багш хэмээх эрхэм алдрыг энгэртээ зүүж, хайртай шавь нараараа өөрийгөө чимэх хүн бүрийн баяр. Тийм ч учраас энэ өдрийг цэцэрлэгийн багш наргүйгээр төсөөлөхөд бэрх. Тиймээс Ubn.mn сайтын сурвалжлах баг БЗД-ийн нэгдүгээр хороонд байрлах “Могжоохон” цэцэрлэгээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Мөн хүүхдүүдээ цэцэрлэгт юу хийдгийг мэдэхийг хүссэн эцэг эхчүүд энэхүү сурвалжилгыг тухлан уншаарай.

"Унтахдаа хүртэл хүүхдүүдээ зүүдэлдэг" хэмээн ярих нэгэн багш байхад хажууд нь л байхгүй бол унтахгүй, гараад явчихвал уйлна гээд хажуунаас нь алхам ч холдохгүй өөр нэгэн багш ч бий.

Хүүхдийг "Зөв Монгол иргэн" болох суурийг багаас нь төлөвшүүлэх зорилготой тус цэцэрлэгийн багш нарын харилцаа хандлага, хүүхдүүдээ гэх сэтгэлийг нь харахад бахархмаар санагдаж байсныг нуух юун. Цэцэрлэгийн багачууд өдрийн таван хоол иддэг аж. Үүний хоёр нь махан хоол бол үлдсэн гурав нь хөнгөн цай байдаг гэнэ. Тухайлбал,

  • 09:40 цагт өглөөний цай
  • 11:00 цагт хөнгөн цай
  • 12:30 цагаас I, II хоол
  • 16:00 цагаас хоол
  • 17:30 цагаас хөнгөн цай ордог байна.

Түүнээс гадна цэцэрлэгийн хүүхдүүд ч бас ЕБС-ийн сурагчид шиг хичээлийн хуваарьтай байдаг байна. Гэхдээ энд хичээлийн хуваарь гэхээсээ илүүтэй тоглох цаг, унтлагын цаг, хичээлийн цаг, цайны цаг гэсэн хуваариар хүүхдүүд бүтэн өдрийг өнгөрөөдөг аж.

"Могжоохон" цэцэрлэгийн хамгийн бага бүлэг болох "Солонго" бүлэгт саатан багш нартай хэсэг хором хөөрөлдөв. Хүүхдүүдийн унтлагын цаг байсан ч багш нар амс хийх зав байдаггүй гэнэ. Тухайлбал, зарим хүүхэд нь 10-хан минут унтаж сэрээд, багшийгаа хажуунаасаа хором ч холдуулдаггүй. Яг л ээжийгээ хажуунаасаа холдуулахгүй гэж байгаа мэт.

"Солонго" бүлэг бол тус цэцэрлэгийн хамгийн бага бүлэг бөгөөд хоёр нас төдийлөн хүрч амжаагүй бяцхан хүүхдүүдийн анги аж. Энэ анги 13 хүүхэдтэй ч ханиад томуунаас үүдээд зөвхөн найман хүүхэд л хичээлдээ ирсэн байлаа. Мөн тус ангийн багш болон туслах багш нар төрсөн эгч дүүс байсан юм. Багш нарыг З.Мөнхдалай, З.Мөнхтуяа гэдэг.

Ангийн багш З.Мөнхдалай Туслах багш З.Мөнхтуяа

Бид ангийн багш З.Мөнхдалайгаас бага насны хүүхдүүдийн онцлог хийгээд хичээлийн хөтөлбөрийг хэрхэн бэлтгэдэг талаар ярилцахад дараах зүйлүүдийг хэллээ.

Хоёр нас хүрээгүй хүүхдүүд шинэ орчинд дасан зохицох чадвар сайтай байдаг

Тэрбээр "Хоёр нас арай хүрч амжаагүй хүүхдүүдийн хувьд орчиндоо дасах чадвар нь бусад насны хүүхдүүдээс илүү байдаг. Энэ нь тэд орчиндоо хурдан дасах чадвар сайтай гэсэн үг. Хоёр нас хүрээгүй учир одоохондоо үг хэлж, ярьж чаддаггүй ч хүний хэлсэн, заасан бүгдийг тогтоох чадвар маш сайн байдаг. Гэхдээ хүүхэд бүрийн онцлог өөр тул энэ нь янз бүрээр илэрдэг. Тухайлбал, энэ насны хүүхдүүдэд биеийн эрхтэнг нь хэлээд, заагаад өгөхөд хэлж чадахгүй ч зааж чаддаг.

Мөн дуу заахад ихэвчлэн хөдөлгөөнтэй заадаг учраас гэртээ очоод ээж аав нартаа үйл хөдлөлөө хийж үзүүлдэг. Гэвч эцэг эх нь ямар дууны хөдөлгөөн хийж байгааг төдийлөн мэдэхгүй тул бид нараас асуудаг. Ингээд харахад энэ насны хүүхдүүдийн онцлог олон бий.

Түүнээс гадна хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхдүүд шинэ орчиндоо дасаагүй учир нэг нэгнээ дагаад уйлах нь элбэг байдаг. Ээж ааваас нь хэн нэгэн нь харагдвал хараад л уйлчихдаг. Бүр хичээл тарах цагаа хүлээдэг байсан. Гэхдээ одоо хүүхдүүд маань орчиндоо дасаад, багш нартаа дасаад унтах цаг нь уртсаад, хоолны дуршил ч нэмэгддэг. Тиймээс энэ нас бол хүүхдүүдийн суурь хүмүүжлийг тавьж өгч байгаа хамгийн чухал нас нь байдаг" хэмээлээ.

Харин бид туслах багш З.Мөнхтуяагаас цэцэрлэгийн багш хүний давуу талын талаар багахан хөөрөлдөв. Энэ мэргэжлээр 10-аад жил ажилласан тул мэргэжилдээ мэргэшсэн талаар ярьж байв. Мөн жил бүр бага насны хүүхдүүдийг авдаг учраас нүдийг нь хүртэл хараад энэ ямар хүүхэд вэ, хэр хугацаанд анги хамт олондоо дасах вэ мөн гар утас үзсэн үү үгүй юу гээд бүгдийг нь мэддэг болдог хэмээн ярьсан юм.

Бид хүүхдүүдээ байнга анхаарч, санаа зовдог. Бүр шээснийх нь өнгө өөрчлөгдсөнийг ч анзаардаг болчихдог

Тэрбээр "Эгч бид хоёр бага настнуудын ангийн багшаар хамт ажиллаад 10-аад жил болсон байна. Анх хүүхдүүдээ яаж унтуулахаа мэдэхгүй их л будалдаг байсан. Гэхдээ одоо бол мэргэжилдээ гаршсан гэж хэлэхэд хэлсдэхгүй. Гэхдээ том ангийнханд хичээллэ гэвэл бараг чадахгүй байх. Том ангийн багш нар маань ч гэсэн бага ангийн хүүхдүүдтэй ажиллах гээд чаддаггүй.

Ер нь удаан ажиллаад ирэхээр хүүхдийг маш сайн ойлгож, мэдэрдэг болчихдог. Энэ хүүхэд олон хүний хүрээлэлд байдаг юм байна, энэ хүүхэд харин эцэг эхтэйгээ л байж үзсэн юм байна, ангийнхандаа, орчиндоо хурдан дасах юм байна эсвэл удаан дасах юм байна гээд бүгдийг нь мэддэг болчихдог. Бүр гар утас оролдсон уу үгүй юу гэдгийг нь хүртэл мэддэг болчихдог. Учир нь энэ насны хүүхдийн нүд маш эмзэг байдаг. Их утас үзсэн бол нүд нь ядарчихсан, бүлцийчихсэн байдаг. Харин түүнээс арай бага үзсэн бол нулимс цийлэгнэх төдий байдаг гэдэг ч юм уу бүх зүйлийг нь анзаардаг, бас мэддэг болчихдог.

Түүнээс гадна хүүхдийг дан ганц багш хайрлаж, хүмүүжүүлж болохгүй. Ээж аав нь ч бас хайрлаж хүмүүжүүлдэг байх ёстой. Энд хайрлуулж, энхрийлүүлдэг хүүхэд гэртээ очоод тэр хайрыг мэдрэхгүй бол болохгүй шүү дээ. Тиймээс эцэг эхчүүд маань ч мөн үүн дээр анхаарах хэрэгтэй.

Бид хүүхдүүддээ байнга санаа зовдог. Хоолоо сайн идэхгүй байсан, сайн унтаж чадаагүй, гэдэс нь өвдчихсөн байсан бүр шээснийх нь өнгө өөр болчихжээ гэх мэт санаа зовинохгүй зүйл байхгүй. Тэгээд л шөнөжин хүүхдүүдээ зүүдэлж хононо шүү дээ. Арга ч үгүй биз эд нар маань миний хүүхдүүдээс ялгаагүй тул өөрийн хүүхэд шигээ л хайрладаг. Ер нь ихэнх цэцэрлэгийн багш нар тэгдэг байх. Түүнээс гадна хүүхдүүд ихэвчлэн тоглоомоо булаацалддаг тул бие биенээ самардах тохиолдол их гардаг. Тэр бүрт эцэг эхээс нь айгаад бөмбийтөл сууж байдаг" гэсэн юм.

Үнэхээр багш нар хүүхэд бүрээ хайрлан, хоолыг нь хүртэл өөрсдөө өгдөг байна. Гэхдээ хуурай хоолыг өөрсдөөр нь идүүлдэг гэлээ. Энэ нь хүүхдийг халбагаа зөв брьж сурах эхний алхмыг тавьж өгдөг аж.

Харин хүүхдүүдийг унтлагын цагийн дараа босоход хоёр, хоёроор нь хөтлөн нүүр гарыг нь угаалгадаг аж. Бага насны хүүхдүүд тул өөрсдөө хийж чадахгүй, яах аргагүй багш нар туслана. Эндээс харахад хүүхдүүддээ санаа зовнидог эцэг эхчүүдэд бүү санаа зов гэх хэлэхийг хүсч байна. Цэцэрлэг бол хамгийн аюулгүй, хамгийн найдвартай газар.

Бид "Могжоохон" цэцэрлэгийн 4, 5 настнуудыг "Цэлмэг" /холимог/ бүлгийн сурагчидтай танилцаж, багш Д.Саранчимэгтэй ярилцлаа. Түүний хувьд СӨБ-ийн багшаар долоо дахь жилдээ ажиллаж байгаа ба хүүхдүүдийн нас насны онцлогийн талаар тайлбарлаж өглөө. Түүний хувьд жил бүр 4, 5 настнуудыг авч, 5 настнуудыг сургуулийн сурагч болох анхны алхмыг тавьж өгдөг юм. Гэхдээ сурагчдаа төгсөөд явахад маш их гунигтай санагддаг тухайгаа ч хэлж байлаа.

Ангийнхаа хүүхдүүдийг төгсөхөд маш гунигтай мэдрэмж төрдөг

Багш Д.Саранчимэг иний бие ахлах бүлгийн хүүхдүүдтэй хамт байдаг тул хүүхдүүдээ төгсөхөд маш гунигтай мэдрэмж авдаг. Хүүхдүүд маань ч өөрийгөө сургуульд орох гэж байгаагаа мэддэг тул "Би удахгүй сургуульд орлоо хөөе" гээд л намайг загнаж гарна шүү дээ. Тиймээс хүүхдүүдтэй ажиллах хамгийн сайхан. Бүр төгссөн сурагчид маань заримдаа хаалга тогшиж орж ирээд сургуульд орсны сонин сайхнаасаа хуваалцдаг. Гэхдээ намар илүү ирдэг байсан. Одоо хичээлдээ анхаараад ирэх нь багассан" гэлээ.

"Цэлмэг" бүлэгт туслах багш байдаггүй аж. Яагаад гэдгийг багшаас асуухад хүүхдүүд маань өөрсдөө туслах багш нар шүү дээ хэмээв. Үнэхээр ахлах бүлгийн хүүхдүүд учир өөрсдөө ор хөнжлөө хураах, нүүр гараа угаах, хоолоо идэх мөн өдөр өдрөөр жижүүр хийн багшдаа туслах зэргээр биеэ даасан нь ажиглагдаж байв.

Түүнээс гадна хүүхдүүд оройн хоолоо идээд түүний дараа хичээлийн цаг эхэлдэг бөгөөд хичээл дууссаны дараа хамгаас хайртай аав ээж нар нь ирж хүүхдүүдээ авдаг байна.

Хүүхдийн ертөнц гэдэг бол өвөрмөц, бас их содон аж. Тэр дундаа нас насны ангилал ч үүн нөлөөлдөг байна. Бид энэхүү сурвалжилгаараа цэцэрлэгийн багш нарын онцлог, ажилдаа хэр их хайртай ханддаг хийгээд бяцхан хүүхдүүдийн нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сурвалжлав.

Сурвалжилгын төгсгөлд онцлон тэмдэглэх зүйл бол яах аргагүй цэцэрлэгийн багш нар бол үнэхээр шавь нарынхаа хоёр дахь ээж нь буюу тэдний "ЭЭЖ" байдаг юм байна гэдгийг хэлэхийг хүслээ.

“Чингис хаан музей“-г ирэх долоо хоногийн мягмар гарагт нээнэ
“Чингис хаан музей“-г ирэх долоо хоногийн мягмар гарагт нээнэ
 
ҮЙЛ ЯВДАЛ: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно
ҮЙЛ ЯВДАЛ: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.