Манай улсад өнгөрсөн жил койны халуурал гэгч болж маш олон төсөл шинээр гарч олон нийтээс их хэмжээний мөнгө татан төвлөрүүлсэн. Гэвч эдгээр төслүүдийн ихэнх нь иргэдийн мөнгийг татсанаасаа хойш алга болж, иргэдэд ихээхэн хохирол үүсгэсэн байдаг. Харин "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль" хэрэгжиж эхэлснээр энэ асуудал нэг тийш болж, хуулийн хүрээнд хариуцлага хүлээх боломжтой болсон талаар "Виртуаль хөрөнгө эзэмшигчдийн эрхийг хамгаалах холбоо"-ны үүсгэн байгуулагч Б.Амарсанаатай ярилцлаа.
- Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр маш олон койн гарсан байдаг. Нэг хэсэг манай улсад ч мөн хүчээ авсан шүү дээ. Манайх шиг хөгжиж буй оронд крипто зах зээлд хөрөнгө оруулна гэдэг хэр оновчтой зүйл вэ?
- Койн гэхээсээ илүү үүний үндэс нь блокчейн систем юм. Энэ систем нь дэлхийн нийтийн хөгжил, цахим шилжилтийн суурь болж байгаа. Бүх төлбөрийн хэрэгсэл, өгөгдлүүд блокчейн дээр суурилж явагдаж байна. Койн бол Блокчейны нэг л хэсэг. Дэлхийн улсуудад койны төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Манай улсад хэзээ нэгэн цагт хөгжих нь тодорхой байсан, үүнийг хэн нэгэн хөгжүүлэх л байсан. Харин одоо хэрэгжиж буй төслүүдийн ихэнх нь хэрэгжилт хангалтгүй, луйвар хийх нь их байна. Одоо үүсээд буй нөхцөлийг блокчейн системийн хөгжлийн үе шат гэж харж байна.
- Манай улсад хэчнээн койн гарсан байгаа вэ. Койны төслийн хэрэгжилт хангалтгүй байна гэлээ шүү дээ?
- Бидний судалсанаар 70 гаруй койн гарч тодорхой хувь нь хөрөнгөө босгосон бол зарим нь арилжаалагдаж байна. Нийтдээ 500 орчим тэрбум төгрөг койны зах зээл дээр эргэлдэж байна. Мөн эдгээр 70 гаруй койны ердөө 2-3 нь тайлангаа тавьсан байдаг.
Товчхондоо гурван хүн тутмын нэг нь койн авсан гэх тооцоолол бий.
Койнд хөрөнгө оруулаад хохирсон олон иргэн хандаж байгаа. Койны төсөл эхлүүлж хөрөнгө оруулалт татсан этгээдүүд "Хэн ч гуйгаагүй байхад койн авчхаад битгий гонгиноод бай" гэх мессеж олон нийтэд тараачихсан учраас хүмүүс тэр бүр дуу хоолойгоо нэгтгэж чадахгүй байна гэж ажиглагдаж байна. Учир нь хохирсон гэж хандаж байгаа хүмүүсийн ихэнх нь нууц хаягаасаа бичдэг. Ихэнх нь байрны урьдчилгаа, байр, машинаа зарж койн авсан гэж байгаа.
- Койны төсөлд ямар шалгуур тавьдаг юм бэ, иргэд койнд хөрөнгө оруулахдаа ямар шалгуур тавих ёстой байдаг вэ?
- Манай улсад Блокчейны систем эрх зүйн орчноосоо түрүүлээд хөгжсөн. Нэг ёсондоо олон койн гараад, хүмүүс хөрөнгө оруулалт хийсний дараа түүндээ тааруулж хууль нь гарсан. Улмаар Виртуал хөрөнгийн тухай хууль гарсан байдаг. Хуулийн зохицуулалт хийж байгаа нь маш сайн.
Өмнө нь хууль байгаагүйтэй холбоотойгоор луйврын шинж чанартай койнууд бий болсон. Үүнийг цэгцлэх шаардлага үүссэн учир нийт койнуудад шалгалт хийж, зөв буруугаар нь ангилж энэ салбарыг эрүүл байлгахгүй бол цаашдаа иргэд койныг "Бэлтэс Мөрөн" -гөөр төсөөлж, луйвар гэж хүлээж авдаг болох эрсдэлтэй.
Энэ салбарыг эрүүлээр хөгжүүлье гээд ЦХХХЯ хүртэл байгуулагдсан гэтэл нөгөө талд хэдэн нөхдүүд луйвар хийх нь маш сөрөг нөлөөтэй.
Койн гаргахад хамгийн том шалгуур үзүүлэлт бол whitepaper буюу төсөл. Койн авахдаа төслийг нь маш сайн уншиж судлах ёстой. Тухайн төслөөс хөрөнгө оруулалт татах хэмжээ, зарцуулах төсөл, ашиг, хариуцлага хүлээх зүйлийг онцолж судлах нь зөв болов уу.
- Та бүхэн өөрсдийн үйл ажиллагааныхаа чиглэлийг танилцуулаач ?
- Аль нь койны төсөл анх эхэлсэн зарчмаараа амжилттай хэрэгжиж байна аль нь луйвар байна бэ гэдгийг удахгүй шалгаж гаргаж ирнэ. Энэхүү шалгалтыг явуулахдаа УИХ-ын байнгын хороод, ХЗДХЯ, ЦХХХЯ-тай хамтран хуулийн хүрээнд ажиллана. Манай ТББ-ын зүгээс нэн тэрүүнд бүх койны төсөлд шалгалт явуулна. Үүний дараагаар улсад татвар төлсөн эсэхт шалгалт хийх гэх мэт байдлаар үе шаттайгаар ажиллана.
Жишээлбэл, Зах зээл дээр 10 ширхэг койн нийлүүлж хөрөнгө босгоно гэж төслөө эхлүүлсэн ч хоёр дах зах зээл дээр зарагдаж эхлэн үед дахиад 10 ширхэг койн гаргаж зарах гэх мэт буруу зарчмаар ажиллаж байгаа. Ерөнхийдөө нийлүүлэлт нь ихдэж ханш нь унах асуудлууд их гарсан. Энэ бүгдийг шалгаж илрүүлнэ.
Блокчейн систем өөрөө засвар оруулах, устгах боломжгүй учир бүх мэдээллийг нь шалгаж болно. Үүнд үндэслэн хуулийн хариуцлага хүлээлгэх боломж бүрдэж байгаа юм. Мөн шалгалт хийхдээ хэн хэнийгээ хянах үүднээс давхар хяналт бий болгож, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлийг бууруулж байгаа юм.
- Тэгэхээр койнд хөрөнгө оруулалт хийгээд хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах эрх зүйн орчин үүснэ гэсэн үг үү?
- Энэ боломжийн төлөө явж байгаа юм. Ихэнх койн анх гарсан үнээсээ унасан байгаа. Тиймээс койн авсан хүмүүсээсээ анх гарсан үнээр нь буцаагаад худалдаж ав гэх шаардлага тавина. Ямар нэг байдлаар хохиролгүй болгохыг зорьж байна.
- Койныг бирж дээр арилждаг учир иргэд хөрөнгийн биржийн бүтээгдэхүүн гэж хараад худалдаж авах магадлал нь өсдөг гэж үзэж болох уу?
- Хөрөнгийн бирж тусдаа хуультай, хувьцаа худалддаг шүү дээ. Харин койн Виртуал хөрөнгийн тухай хуулиар зохицуулагдана. Ted, IDax, Coin hub гээд олон биржүүд бий. Одоогийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос гурван биржд тусгай зөвшөөрөл олгосон байгаа. Эдгээр тусгай зөвшөөрөл авсан биржүүд харьцангуй ёс зүйтэй, хариуцлагатай ажиллаж байна.
- Койны замбараагүй байдал энэ чиглэлийн хуульгүй байснаас үүдэлтэй гэлээ. Хууль хэрэгжиж эхлээд тодорхой хугацаа өнгөрсөн шүү дээ энэ нөлөө гарч байна уу?
- Тухайн үед хууль байгаагүй ч Засгийн газраас хариуцлага хүлээхгүй гэдгийг удаа дараа анхааруулж байсан. Хуулийн хэрэгжилтийг хангуулахаар ажлын хэсэг гарч, холбогдох яамдуудтай хамтарч эхлээд байна. Удахгүй үр дүн нь гарах болно.
- Койнд хөрөнгө оруулсан зарим иргэдийн зүгээс гэрээ хийхдээ Монгол хэл бус зөвхөн англи хэл дээр хийсэн гэх мэдээлэл өгч байна. Гэтэл манай улсад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд эх хэл дээр гэрээ хийх ёстой шүү дээ. Үүнээс шалтгаалан тухайн хүчин төгөлдөр бус болох үндэслэлтэй юу. Энэ төрлийн гомдол, мэдээлэл байгаа юу?
- Ийм асуудал бий. Таны хэлсэнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд Монгол хэл дээр гэрээ хийх ёстой. Энэ хуулийг мөрдүүлж, энэ төрлийн зөрчил илэрсэн тохиолдолд зөрчлийг арилгуулах болно.
- Олны танил, олон дагагчтай инфлюэнсер гэгдэх хүмүүс койны сурталчилгаа хийж, иргэдийн итгэлийг олж хөрөнгө оруулалт босгох тохиолдол их ажиглагддаг. Энэ дээр ямар нэг үүрэг хариуцлагын асуудал яригдах уу ?
- Тухайн койн гарах үед ямар инфлюэнсер юу гэж ярьж байсан баримтыг гаргаж ирэх болно. Инфлюэнсерүүд хүмүүсийн сонголтод ямар нэг байдлаар нөлөөлсөн л бол үүнийхээ хариуцлагыг хүлээж, үүрэгжүүлэх ажлыг хийнэ. Маш олон хүн хуулийн хариуцлага хүлээх болно.
- Ярилцсанд баярлалаа.