Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Ам.долларын ханш 3500 даваад талийж өглөө. Энэ нь юутай холбоотой вэ. Дайн, цар тахлын асуудлыг ярьж байна. Гол асуудлаа огт ярихгүй байна. Экспортоо нэмэгдүүлэхийн тулд хил гааль, боомтоо нээх асуудалд ямар арга хэмжээ авч байна вэ. Дорвитой арга хэмжээ авах цаг нь болсон.
Өргөн хэрэглээний үнэ нэмэгдэж байна. Энэ юутай холбоотой вэ. Нүүрсний борлуулалт хэр байна вэ" гэлээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Төгрөгийн ханш 17 хувиар сулраад байна. Энэ нь гадаад худалдаа, төлбөрийн тэнцлээс тодорхой харагдана. Экспорт өнгөрсөн жилийн мөн үеэс тодорхой хэмжээгээр өсч байгаа ч импортоо нөхөх хэмжээнд өсч чадахгүй байна. Учир нь БНХАУ-ын хатуу хөл хорио үргэлжилсээр байна. Энэ нь манай улсын экспортыг хангалттай хэмжээнд гаргахад бэрхшээл учруулж байна. Мөн импорт 25 хувиар өсчихөөд байна. Худалдаа болон төлбөрийн тэнцэлд дарамт учруулж байна. Өөр шинэ зүйл нь АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ өсгөж байгаа. Бодлогын хүү өнөөдрийн байдлаар 3.25 болчихоод байна. Оны өмнө 0.25 байсан хүү өнөөдрийн байдлаар 3 нэгж хувиар өсчихөөд байгаа нь долларын эрэлтийг өсгөж байна" хэмээлээ.