Сүүлийн үед 2008 онд дампуурсан Анод банктай холбоотой олон мэдээлэл гараад буй. Уг асуудалд тухайн үед Монголбанкны хяналт шалгалт дээр ажиллаж байсан эдийн засагч Ц.Лут-Очир өөрийн цахим хуудсандаа дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр, "Анод банкыг эзэд нь өөрсдөө тоноод дампуурсан. Алдагдал нь дүрмийн сангаас хэтэрч, бэлэн мөнгөгүй болж, төлбөр тооцоо саатуулж, харилцагчийн мөнгийг гаргаж өгч чадахгүй болсон учраас 2008 онд эрх хүлээн авагч томилсон.
Банкинд 122 тэрбум төгрөгийн хохирол гарахад эдний мөнгө байгаагүй, алдагдалд ороод өөрийн хөрөнгөгүй болсон байсан. Банк дампуурсны дараа хөрөнгийг зарж борлуулаад, хадгаламж эзэмшигчдэд мөнгийг эргүүлж олж өгдөг Бүрэн эрхт төлөөлөгч буюу БЭТ-г Монголбанк томилдог. Алдагдсан, зувчуулсан, зээлээр завшсан мөнгийг хайж олно. Тэр процесс явсан. Тэр үйл ажиллагааг цагдаа мөнгө дээрэмдсэн гээд байх шиг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч өрөө нэхсэн юм бишүү дээ.
Энэ хүн одоо ямар зорилгоор ийм үг хэлж байгааг мэдэхгүй. Тухайн үед Анод банк маш муу менежменттэй, өөрсдөө зээл авдаг, Монгол газар ХХК гэх мэт уул уурхайд олгосон муу зээл ихтэй, өндөр хүүтэй хадгаламж татаж мөнгөн урсгалаа таслахгүй амь зогоож явдаг байсан. Сонгуульд нэр дэвшиж, банкны мөнгөө түүнд зарсан гэдэг. Монголбанкны шалгалтын актыг хэлэлцсэн захирлын зөвлөлийн хурал дээр Даваа, Энхтөр, Гүр-Аранз нарын буруугаа хүлээж хэлсэн үг бий. Одоо ил болгох хэрэгтэй.
Зөвхөн Монголын хадгаламж эзэмшигчид биш гадаадын хөрөнгө оруулагчдыг хулхидсан зөндөө баримт бий. Иточу, Номаранг, Daewoo, LG корпораци өчнөөн олон сая ам.доллар алдсан. Одоо Даваа дээрэмдүүлсэн хүн болж жүжээд яахав. Түүхийг нь мэддэг хүмүүс амьд байхад.
Анодын хэргээс хойш 14 жил өнгөрсөн тул одоо бүх шалгалтын акт, мөрдөн байцаалтын протоколыг ил болгох хэрэгтэй. Ард түмэн үнэнийг мэдэх эрхтэй. Тухайн үеийн улстөрчид, Монголбанкны удирдлага ч толгойг нь илж өөгшүүлж явсаар хугацаа алдаж, хохирлыг улам томруулсан нь үнэн.
Жич: Хамгаалагчийг буудсан дээрэм болсон нь үнэн. 200.000$ буюу тухайн үеийн ханшаар 240 сая төгрөг. Банкны баланс 160 тэрбум, нийт хохирол 122 тэрбумын хажууд задгай мөнгө юм. Хуурамч чекийн асуудлыг сайн мэдэхгүй" гэжээ.