Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар өнөөдөр ирэх оны төсвийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тодруулбал, 2023 оны төсвийн төслөө эцэслэн танилцуулж, маргааш УИХ-д өргөн барихаар болсон юм.
Сангийн сайд Б.Жавхлан "2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа Төрийн хэмнэлтийн хуульд тулгуурлалаа. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд 2022 онд 198 тэрбум төгрөг хэмнэхээр байгаа бол 2023 онд 1 их наяд төгрөг хэмнэнэ" хэмээсэн юм.
Тэгвэл МАН-ыг талцуулаад байсан Хотын дарга Д.Сумъяабазарын санаачилсан түгжрэл бууруулах хөнгөн галт тэрэг буюу LRT төслийг ирэх оны төсөвт суулгаагүй хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.
Сануулахад, LRT төслийн нийт зардал 926 сая ам.доллар хэмээн Хотын дарга танилцуулж байсан билээ.