Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Отгонбат: Архангай аймгийн Засаг даргын авлига, хууль бус үйлдлийн талаар тойргоос сонгогдсон УИХ-ын 3 гишүүнд мэдээлэл хүргүүлсэн

Ангилал
Улс төр Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
11 минут 20 секунд

Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал ашиг сонирхлын зөрчил гарган авлига авч, албан тушаал, эрх мэдлээ ашиглан удаа дараа хууль зөрчсөн хэмээн тус аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгч Х.Отгонбат өчигдөр /2022.09.21/ АТГ-ын гадна мэдээлэл өгсөн.

Тэгвэл уг асуудлаар бид Х.Отгонбатаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах үүднээс дараах тодруулгыг авлаа.

-Сайн байна уу. Өчигдөр та хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалын хууль бус үйлдлүүдийн талаар баримт мэдээлэл өгч, мөн АТГ-т хандаж байгаа тухайгаа мэдээлсэн шүү дээ. Энэ талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал нь ажлаа хүлээн аваад ердөө жил гаруйн нүүрийг үзэж байгаа. Гэтэл хэд хэдэн хууль бус үйлдэл гаргасан нь надад баримт, нотолгоотойгоо бий. Тодруулбал, Дөрөвхөн өдрийн дотор Архангай аймгийн Цахир сумын нутаг дэвсгэрт алтны уурхайн лицензийг хуурамч тогтоол үйлдэх замаар олгосон. Тухайн компани нь дөнгөж 2015 онд байгуулагдсан бөгөөд “Нобле Энержи” ХХК гэдэг компани юм. Гэтэл дөрвөн жилийн хугацаанд өөр нэгэн компани тухайн газарт ашигт малтмал олборлох зөвшөөрөл хүссэн хэдий ч огт зөвшөөрөл олгоогүй хэрнээ, дөрөвхөн өдрийн дотор буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр “Нобле Энержи” ХХК-д зөвшөөрөл олгосон. Хууль бусаар.

Ингэхдээ 2021 оны арванхоёрдугаар сарын 28-нд Ашигт Малтмал Газрын Тосны Газар болон аймгийн Иргэдийн хурлын шийдвэрийг гаргуулж, дараа өдөр нь мөн Архангай аймгийн ЗДТГ-ын шийдвэрийг гаргуулсан байгаа юм. Үүнийг яагаад Засаг даргын хийж буй буруутай, хууль бус үйлдэл гэж харж байгаа вэ гэвэл, “Нобле Энержи” ХХК-ийн захирал М.Чимэддорж болон Засаг дарга М.Батжаргал нар нь хоорондоо найз нөхдийн холбоотой. Цахим хуудастаа хамт авахуулсан зургаа хийдэг, бие биендээ баярын мэндчилгээ дэвшүүлдэг ийм хүмүүс. Ийнхүү маш дотны найздаа давуу байдал бий болгож 257 га ашигт малтмал бүхий газрыг олгосон. Тийм учир Засаг даргын энэ үйлдэл нь хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь батлагдаж байгаа юм.

Харин удаах нэг шалтгаан нь,

Аймгийн ИТХ-н төлөөлөгч Н-д холбогдох газар нь 2015 онд иргэн М-ийн нэр дээр 10х20 метр буюу 200мкв газрыг орон сууц барих зориулалтаар олгогдсон байдаг. Улмаар 2018 онд Аймгийн ИТХ-н төлөөлөгч Н-ийн эхнэр С-ийн нэр дээр эрх нь шилжсэн бөгөөд 2022 оны тавдугаар сараас тус газарт орон сууцны барилгын ажил эхэлсэн байдаг.

Энэхүү барилга нь ойролцоогоор 18х24 метр хэмжээтэй баригдаж эхэлсэн нь газрын тухай хууль тогтоомжийг эхнээсээ зөрчиж нийтийн эзэмшлийн талбай руу өргөөшөө 8 метр, уртаашаа 4 метр баригдаж, үүнээс улбаалан барилгын хууль тогтоомж, газрын хууль тогтоомжуудыг ноцтойгоо зөрчиж, өнөөдрийг хүртэл хууль ёсны зөвшөөрөлгүйгээр 7 давхар хүртэлх цутгалт хийгдэж, барилгын ажил явагдсаар байна.

Гэтэл аймгийн Засаг дарга М.Батжаргал нь 2022 оны зургаадугаар сарын 06-ны өдрийн аймгийн ИТХ-ын хуралдаанаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулж 12-р тогтоолын 2-р хавсралтаар уг газрыг тойрсон байршил бүхий 417 мкв газрыг дуудлага худалдаа ангиллаар батлуулсан. Энэ нь аймгийн ИТХ-н төлөөлөгч Н-ийн зөрчил бүхий дээрх газрын асуудлыг нөхөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аймгийн ИТХ-н төлөөлөгч Н-д давуу байдал үүсгэсэн.

Тиймээс 2022 оны долоодугаар сарын 27-нд дээрх 417 мкв газар дээр дуудлага худалдааг зохион байгуулж, ялагчаар Эрдэнэбулган сумын иргэн В.Цэен-Ойдов 155,702,000 төгрөгөөр хамгийн өндөр үнэ дуудсан байдаг. Тиймээс долоодугаар сарын 28-ны өдөр газрын албаны холбогдох мэргэжилтэн уг дуудлага худалдааны ялагч болсон учир гэрээгээ байгуул гэж мэдэгдсэн учир явж очтол "Дуудлага худалдаанд хоёр ялагч гарсан. Аймгийн Засаг дарга цахим дуудлага худалдааны комиссоор шийдвэрлэнэ" гэж гэрээ байгуулахаас татгалцсан байдаг.

Гэтэл есдүгээр сарын 02-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаа болсон нь аймгийн Засаг дарга М.Батжаргал дахин албан тушаалын эрх мэдлээ ашиглаж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н-д давуу байдал олгож иргэн Ванчигийн Цэен-Ойдовын эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл гаргасан нь харагдаж байна. Уг барилга өнөөдрийг хүртэл хууль бусаар, ямар ч зөвшөөрөлтэй бичиг баримтгүйгээр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр байгаа нь дараагийн том шалтгаан болж байгаа юм.

-Засаг даргатай холбогдуулан, мөн дээрх жишээ баримттай холбогдуулан АТГ-т нийт хэчнээн бичиг баримтыг хавсарган өгөв?

-АТГ-т нийт 41 хуудас бүхий баримт бичгийг өгсөн байгаа. Өмнө нь дээрх асуудлаар би өөрийн цахим хуудсаараа дамжуулан баримт мэдээллийг ил болгон, лайв хийхэд намайг цагдаагийн байгууллагад худал мэдээлэл тараасан хэргээр өгсөн байсан. Гэхдээ мэдээж бүх баримт нь үнэн учир цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл нээхээс татгалзаж байсан тохиолдол бий.

Тиймээс АТГ-ын хууль хуулийн хүрээнд ажиллаж, тогтоол шийдвэрээ гаргах байх гэж бодож байна.

-“Нобле Энержи” ХХК ямар үйл ажиллагаа явуулдаг компани вэ. Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа юу?

-"Нобле Энержи" ХХК нь ашигт малтмал олборлодог компани. Гэхдээ одоогоор ямар ч үйл ажиллагаа явагдсан зүйл байхгүй. Хууль тогтоомж зөрчин байж зөвшөөрөл авсан нь хайгуулын тусгай зөвшөөрлийг эргэн цуцлах үндэслэл болчихсон учир энэ компани үйл ажиллагаа огт явуулаагүй байгаа гэсэн үг юм.

Мэдээж хурлын шийдвэр нь хуурамчаар үйлдэгдсэн, аймгаар оруулахад Засаг дарга хуурамч гэдгийг нь мэдсээр байж шийдвэр гаргасан. Энэ нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан учир зөвшөөрлийг нь цуцалсан гэдэг асуудал хамгийн түрүүнд яригдаж байгаа.

-Цаашдаа хууль хяналтын байгууллагаар явах төлөвлөгөө бий юу. Ямар арга хэмжээ авч ажиллая гэж тооцоолж байна?

-Аймгийн удирдлагууд бол иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажилладаг. Харамсалтай нь албан тушаалаа ашиглан хэн нэгэнд давуу эрх олгодог, хууль бус үйлдэл гаргадаг зэрэг үйлдэл их гарах болсон. Ялангуяа Архангай аймагт энэ жишиг тогтож байна гэж харж байгаа. Гэтэл ирэх жил манай аймгийн 100 жилийн ой болох гэж байхад энэ хүнд гарт баригдаж, нүдэнд харагдах ажил огт алга.

Дээрх асуудалтай холбогдуулан бид Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүн болон Ерөнхий сайд, ЗГХЭГ-т хандсан байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд аймгийн Засаг даргад хариуцлага тооцох эрх бүхий субъект юм. Тиймээс хууль зөрчиж байгаа засаг даргадаа хуулийн хүрээнд хариуцлага тооцохыг миний бие болон бусад хүмүүс хүсч байгаа юм.

Хоёрдугаарт, Архангай аймагт байгаа сөрөг хүчин ажлаа сайн хийх шаардлагатай байгаа. Өнөөдөр миний сонссон мэдээллээр есдүгээр сард болох ээлжит хуралдааныг хэлэлцэх асуудал байхгүй гэсэн үндэслэлээр нутгийн удирдлагын 30 жилийн ойн хүрээнд ёслол төдий хийхээр төлөвлөсөн талаар сонссон.

Яг энэ асуудлаа авч хэлэлцэхгүйгээр, аргацааж өнгөрөөх гээд байна гэх мэдээлэл ЗДТГ-аас ирж байна.

-Албан бичиг хүргүүлсэн УИХ-ын гишүүдээс хариу бичиг ирсэн үү. Энэ тал дээр мэдээлэл өгөөч?

-Албан ёсоор УИХ-ын гишүүн Ц.Баатарбилэг болон Г.Тэмүүлэн гишүүн нараас тайлан мэдээлэл ирсэн гэсэн. Миний бие одоохондоо танилцаагүй байна.

-Засаг дарга М.Батжаргалын зүгээс та бүхний санал, шаардлагатай танилцсан эсхүл хүлээж авсан уу. Мөн өөрийн байр сууриа илэрхийлсэн үү?

-Ерөнхийдөө энэ асуудлын талаар баримт мэдээлэл гаргаад, дуугарч байгаа учир Засаг дарга мэдэж байгаа. Гэвч эдгээр асуудлаа шийдвэрлэх талаар өнөөдрийг хүртэл арга хэмжээ авч ажиллахгүй байна. Одоогоор мөн өөрийн байр сууриа илэрхийлээгүй байгаа.

-Цаашдаа энэ байдлаараа асуудал даамжирвал Засаг дарга М.Батжаргалыг огцруулах асуудлыг хөндөж эхлэх үү?

-Засаг дарга М.Батжаргал огцрох асуудлаа өөрөө аль хэдийн хангачихсан.
Нэгдүгээрт, Хууль бус үйлдэл хийсэн Цахир сумын удирдлагуудад хариуцлага тооцох ёстой.

Хоёрдугаарт, Уг асуудал бий болоход нөлөөлсөн хүн бол Засаг дарга өөрөө. Тийм учир ёс суртахууны хувьд ч тэр, хууль эрх зүйн үүднээс ч тэр Засаг даргын албан тушаал эрхлэх, аймаг орон нутаг удирдаад явах ямар ч боломж байхгүй.

Гуравдугаарт, Төрийн хэмнэлтийн хууль Архангай аймагт маш хангалтгүй хэрэгжиж байна. Тодруулбал, аймгийн Засаг дарга хоёр зөвлөхөө аймгийн тамгын газрын нийтлэг үйлчилгээний нэгж рүү шилжүүлээд, хэмнэлтийн тухай хуулийг ноцтойгоор зөрччихсөн байгаа.

Дөрөвдүгээрт, Дээр дурдсанчлан авлига авч, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан явдал юм. Энд ямар ч гүтгэлэгийн шинж чанар бүхий зүйл байхгүй. Бүгд баримт нотолгоотой, албаны эх сурвалжуудтай.

Эдгээрээс үүдэн М.Батжаргал Засаг даргын хувьд ажлаасаа чөлөөлөгдөх хангалттай шалтгаантай болчихсон байгаа юм. Тиймээс Засаг даргын хариуцлагын асуудал бол зайлшгүй яригдах ёстой.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 16 настай охин фэйсбүүкээр танилцсан эрэгтэйгээ найзуудтайгаа нийлж, шатаажээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 16 настай охин фэйсбүүкээр танилцсан эрэгтэйгээ найзуудтайгаа нийлж, шатаажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.