Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хилчдэдээ мөнхөд дурсагдах Лу Эрхлэгч минь“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 58 секунд

Хилчдийн дуу хоолой 82 жилийн түүхтэй “Эх орны манаа” сонин Монголын тэргүүн хэвлэлүүдийн нэгд зүй ёсоор тооцогдоно. Байлдааны гавьяаны одонт тус сонины түүхэнд хүндтэй байр суурь эзлэх эрхэм бол МУСГЗ, түүхийн ухааны доктор, профессор, ахмад дайчин Эрэнцэнгийн Лувсанбалдан юм. "Дэлхийн мэдээллийн элит" шагналт, Эх орны дайны I, II зэргийн одонт, бэлтгэл дэд хурандаа хүн. Үе үеийн уран бүтээлчид бид Лу эрхлэгч гэж түүнийг хүндэтгэн авгайлан дуудна. Хэдийгээр нэгэн цаг үед хамт ажиллаж байгаагүй ч гэлээ энэ эрхэм хүний талаар дурсамж тэрлэх үүргийг талархан хүлээн авав. Учир нь Хилийн цэргийн түүхэнд энэ хүний дахин босгосон хэвлэлд миний бие сэтгүүлчээс хариуцлагатай нарийн бичгийн дарга хүртэл 10 жил ажилласан юм. Тиймээс ч цэргийн хүний ёсоор үүрэг хэмээн хүлээн авч чадан ядан илтгэж байгаа нь энэ билээ.

Лу эрхлэгч 1924 онд Дарьгангын хошууны Ноёны хөндий буюу одоогийн Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт малчин ард Мөнх-Очирын дөрөв дэх хүү болон мэндэлсэн. Дарьганга нутгийн өвөг эцгээрээ овоглодог уламжлалаар өөрийн өвөг эцэг Эрэнцэнгээр овоглосон байна. Тэрбээр 1940-1944 онд Онгон сумын захиргаанд бичээч, ХЗЭ-ийн үүрийн дарга, 1946-1948 онд Намын идэвхтний сургууль, 1944-1951 онд Монгол ардын хувьсгалт цэргийн наймдугаар дивизэд байлдагч, бага дарга, зургадугаар дивиз болон Хэнтийн цэргийн хүрээний сонины эрхлэгч, 1951-1952 онд МУИС-ийн бэлтгэл анги, 1952-1956 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн түүхийн анги, 1956-1960 онд Чойбалсан аймгийн арван жилийн сургуульд багш, захирал, 1960-1962 онд мөн аймгийн Намын хороонд нарийн бичгийн дарга, 1962-1964 онд ЗХУ-д Коммунист намын дээд сургууль, 1964-1971 онд МАХН-ын Төв хорооны Үзэл сурталын хэлтэст лектор, 1971-1988 онд Хилийн ба дотоодын цэргийн “Эх орны манаа” сонинд хариуцлагатай эрхлэгч, 1988-1989 онд Хилийн ба дотоодын цэргийн Улс төрийн газарт лектор, 1993-2007 онд Улсын хилийн түүх судлалын секторт судлаач, 2000-2007 онд ХХЕГ-ын Шинжлэх ухаан технологийн зөвлөл, ХЦДС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байв. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Түүхийн ухааны доктор, профессор Э.Лувсанбалдан 1945 оны Чөлөөлөх дайнд фронтын галын шугамын тэргүүн эгнээнд тагнуулын үүрэг гүйцэтгэж, байлдааны үүргийг амжилттай биелүүлсэн тул ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар Эх орны дайны I, II зэргийн одонгоор шагнагдсан цорын ганц монгол хүн болохыг энд онцлон дурдах нь зүйтэй болов уу.

Монгол Улсын хил хамгаалалтын түүх энэ сонины шаргал хуудсанд мөнхөрч байдаг нь гайхалтай. Тиймээс ч “Эх орны манаа” сонины түүхэнд Лу эрхлэгчийн орон зай их. “Эх орны манаа” сонин түүхэндээ хэдэнтээ унаж боссон. Лу эрхлэгч Намын төв хорооны Үзэл суртлын хэлтсийн зааварлагчаар ажиллаж байгаад 1971 онд 18 жилийн турш үйл ажиллагаа нь тасалдаад байсан хилчдийн хэвлэлийг дахин сэргээж, эрхлэгчээр нь томилогдсноор хилчдийн түүхтэй холбогджээ. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны орлогч гишүүн, Намын төв хорооны Үзэл суртлын ажил хариуцсан нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн түүнийг өрөөндөө дуудаад, “...Хожмын цагт Хятадын удирдагчдын сөрөг суртал нэвтрүүлгийг эсэргүүцэх талаар манай намаас зохиосон ажил харагдаж үлдэх ёстой. Тийм болохоор Төв хороо “Эх орны манаа” сонинг гаргахаар шийдсэн. Энэ сонинг урд нь хилчдэд зориулан гаргаж байсан уламжлалтай юм билээ. Хилчдэд Хятадын удирдагчдын үнэн байдлыг мэдээлэх талаас нь бодсон ч энэ сонинг гаргах нь зүйтэй. Тиймээс энэ сонинг хариуцан гаргах хэрэгтэй” гэж хэлжээ. Тэр цагаас хойш Э.Лувсанбалдан гуай “Эх орны манаа” сонины эрхлэгчээр 17 жил ажилласан юм. Түүний амьдралын 30 гаруй жил хэвлэл мэдээллийн байгууллагатай холбогдоно. “Эх орны манаа” сонины 18 жил завсарласны эцэст хэвлэгдсэн түүхэн дугаар, анхны өнгөт дугаар, 1000 дахь дугаар, 17 жилийн турш хилчдийн оюун санааг тэтгэж, бүтээсэн дугаар бүрт Э.Лувсанбалдан эрхлэгчийн, түүний хүчирхэг редакцын хамт олны ур ухаан, хичээл зүтгэлийн үр дүн шингэсэн юм. Тэд маш сайн нийтлэлийн бодлого баримталж, баялаг утга агуулгатай сэтгүүл зүйн бүтээл бэлтгэн уншигчдад хүргэж байсан бөгөөд олон сонирхолтой булан нээж, хилчдийг алдаршуулж байсан билээ. Лу эрхлэгчийн үед сонины нийтлэлийн бодлого өргөжин тэлж, гадаад харилцаа шинэ шатанд гарчээ. Тэрбээр социалист орнуудын Хилийн цэргийн хэвлэлийн ерөнхий эрхлэгч нарын зөвлөгөөнд оролцож, “Пограничник” сэтгүүлийн редакцтай хамтран ажиллаж байсан юм. “Эх орны манаа” сонины түүхэнд, хилчдийн түүхэнд Э.Лувсанбалдан хэмээх эрхэм нэрээ үлдээгээд одсон эрхлэгчийн гэгээн мөрийг үргэлжлүүлсээр өнөөдөр “Эх орны манаа” сонин 82 наслаад байна.

Дайны цагт эрэлхэгээр үүрэг гүйцэтгэж байсан тэрбээр энх цагт Монголын хил хамгаалалтын түүх, орон нутаг судлалаар судалгааны бүтээл туурвиж байв. Тухайлбал, “Дэлхийн улсууд”, “Дэлхийн улс төрийн намууд” номуудыг орос хэлнээс эх хэлнээ хөрвүүлж, нам, улс төрийн ажилтны лавлах бичгийг зургаан удаа гаргаж, “Эр зоригийн албан”, “Цэнхэр тэнгэрийн дор”, “Алтан босго”, “Халх голын дайчин хороо”, “Хамгаас чухал хангах алба”, “Дарьгангын хилийг хамгаалагчид”, “Монгол Улсын хил хамгаалалтад холбогдох тогтоол, шийдвэрүүд”-ийн найман ботийг лавлагаа, тайлбар, тодотголын хамт, “Алтай таван богдын хилийн харуулд”, “Дэлхийн II дайны үеийн Монгол Улс”, “Чойбалсан хотын түүх”, “Баянтүмэний хүрээний түүх оршвай”, “Дарьгангын түүх”, “Онгон сумын түүх” зэрэг 30 гаруй номыг бие даан бичиж, 20 орчим номын хамтран зохиогчоор, гадаад, дотоодын нэр хүндтэй сэтгүүлд эрдэм шинжилгээний 10 гаруй өгүүлэл хэвлүүлэн, олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурлуудад 30 гаруй илтгэл хэлэлцүүлж, телевизийн бүрэн хэмжээний баримтат кино, зургийн цомгуудыг бүтээжээ.

Монгол Улсын төр засгаас энэ эрхэм хүмүүний гавьяа, хөдөлмөр, бүтээлийг үнэлж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдэг, Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”, “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны одон”, МАН-ын дээд шагнал “Монгол Улсын Тусгаар тогтнолын одон”, Мэдээлэл судлалын Монголын академийн тэргүүн зэрэг “Алдар” одонгоор тус тус шагнасан юм. Түүнчлэн ЗХУ-аас “Эх орны дайны I, II зэргийн одон”, “Онц хилчин”, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины зарлигаар “Эх орны дайны 75 жилийн ойн медаль”-иар шагнасан билээ.

Гэгээн дурсамжийн хойморт бэлтгэл дэд хурандаа Эрэнцэнгийн Лувсанбалдангийн Монголын түүх, хил хамгаалалтын түүх судлалд оруулсан үлэмж их хувь нэмрийг гүнээ хүндэтгэн дурсахад таатай байна. Миний бие Лу эрхлэгчээс 2020 онд дурсамж яриа авахаар тохирч очсон юм. Нас өндөр буурал биднийг очих сургаар дороо дэр эвэн зөөллөж суугаад цэргийн дүрэмт хувцасаа жавхайтал өмсчихсөн хүлээн сууж билээ. Хэнэггүй зан, түгжрэл гээд товлосон цагаасаа хоцорсхийгээд ортол тун зэмлэнгүй янзтай. Бодож санаснаа хэлж дуусгаад ядарсан бололтой хажуулдаад өгч билээ. Ярилцлагыг нь сийрүүлээд гаргатал банга хүртсэн. Түүхэн нэр усыг буруу бичсэн гэж тэр. Угаас яггүй чанга эрхлэгч байсан гэж ахмад уран бүтээлчид дурсдаг тул алдаагаа засаж санааг нь амрааж билээ. Эрхлэгчтэй ингэж уулзахдаа сүүлийнх гэдгийг мэдээгүйсэн. Ер нь эрхлэгч амьд сэрүүндээ байсхийгээд залгана. Эсвэл хүүхдүүд нь холбогдно. Хил, хилчдээ гэсэн сэтгэл нь тэр шүү дээ. 97 насыг зооглон тэнгэрийн хилийг манахаар дэвшсэн Лу эрхлэгчийгээ өнөө хүндэтгэн дурсахад сайхан байна. Улсын хилийн түүхэнд Лу эрхлэгч гүн гагнагдан үлджээ.

Дурсамж бичсэн ХХЕГ-ын Сэтгүүлч ахмад Б.Алтанцэцэг

OPENDATA: Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль Ж.Соронзонгийн мэдэлд шилжжээ
OPENDATA: Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль Ж.Соронзонгийн мэдэлд шилжжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.