Олон нийтийн сүлжээгээр "ОХУ-ын Луганск, Донецкийн бүгд найрамдах улсад явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан МУ-ын цэргийн насны 18-45 насны эрчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ. Орос ахан дүүстэйгээ цуг Тужийн нарс, Халхын гол, Чөлөөлөх дайнд мөр зэрэгцэн тулалдаж явсан он жилүүдээ эргэн дурсаж НАТО-гийн гар хөл болсон Украины эсрэг ариун дайнд мордоцгооё" гэх утгатай мэдээлэл Монгол Улсын БХЯ, ОХУ-ын Батлан хамгаалах яамны логотойгоор цацагдсан.
Энэ асуудалд БХЯ-аас яг одоо мэдээлэл хийж байна. Энэ үеэр Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар "Монгол Улсын БХЯ, ОХУ-ын БХЯ-ны логог ашиглан худал мэдээлэл тараасан байна. Уг мэдээллийн дагуу холбогдох албаныхнаас мэдээлэл авч ажиллаж байна. ОХУ-аас үүнийг ор үндэслэлгүй худал мэдээлэл гэдгийг хэлсэн. Тиймээс хуурамч мэдээлэл тараасан иргэнийг олж арга хэмжээ авна.
Уг мэдээлэл цацагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааг харлуулах зорилготой мэдээлэл байна. Манай улс цэргийн холбоо, харилцаатай бүхий л улстай байнгын холбоо хамааралтай байдгийн дээр сургалт, хамтын ажиллагааг байнга зохион байгуулдаг.
Уг хуурамч мэдээллийг санаатайгаар, зохион байгуулалттай хийсэн байна. Түүнээс гадна энэ тухай сайн мэддэг хүн хийсэн байх магадлалтай.
Мөн ард иргэд сошиалаар гарч байгаа мэдээлэлд цензуртай хандах ёстой. Монгол Улсад цэрэг татлага явуулах хуультай. Түүнээс бусад оронд гэрээт цэргийн албыг хаалгадаггүй. Энэ бол маш ноцтой асуудал. Тиймээс хуурамч мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.