Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Анхбаяр: Номын баярт ном товхимлын үзэсгэлэнгээс гадна ховор нандин номуудыг олон нийтэд дэлгэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 3 секунд

Жил бүрийн хавар, намрын улиралд уламжлал болгон зохион байгуулагддаг 32 дахь удаагийн Үндэсний номын баярын арга хэмжээ өнөөдрөөс буюу есдүгээр сарын 16-18-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Уг номын баярт зохиолч, орчуулагч, номын худалдаа эрхлэгчид оролцож номын соёлыг танилцуулах арга хэмжээ болох юм.

Энэ тухай Нийслэлийн Соёлын урлагийн газрын дарга О.Анхбаяр "32 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-ийг улс даяар зохион байгуулж байгаагаараа онцлог. Есдүгээр сарын 16-ны өдрийн 13 цагаас Улаанбаатар хотод Д.Сүхбаатарын талбайд нээлтийн ёслол болох бол 21 аймагт аймгуудын төв талбайд нэгэн зэрэг улс орон даяар эхлүүлэх юм. “Хүүхдийн номын хүрээ”, “Үндэсний бичиг соёл, номын хүрээ”, “Соёлын бүтээлч, үйлдвэрлэлийн хүрээ”, номын үзэсгэлэн, төрөлжсөн ном хэвлэлийн худалдаа, урлагийн тоглолт зэрэг 10 гаруй хөтөлбөр, арга хэмжээг хамтатган зохион байгуулна.

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ, хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, аймаг, нийслэлийн Нийтийн номын сан, “Монголын Зохиолчдын эвлэл”, ЕБС-ийн номын сангийн холбоо, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо зэрэг ном хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн оролцоотой зохион байгуулна.

Нийслэлд л гэхэд 150 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд, 250 орчим шилдэг хэвлэн нийтлэгч, зохиолч, яруу найрагч зэрэг уран бүтээлчид оролцох юм. Шинээр хэвлэсэн ном товхимлын үзэсгэлэнгээс гадна ховор нандин номуудыг олон нийтэд дэлгэнэ" хэмээлээ.

Түүхийн хуудас сөхвөөс номын баярыг анх тэртээх 1950 онд “Хуучин номын худалдаа” нэртэйгээр зохион байгуулж байсан байна. Дараа нь 1955 оноос Хүүхдийн номын зах, 1990 оноос “Номын баяр, үзэсгэлэн”, 1999 оноос “Номын яармаг”, 2000 оноос “Бичиг соёлын хишиг өдөр”, 2012 оноос “Номын баярын өдөр” тэмдэглэж байжээ. Харин өнгөрсөн 2021 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” хэмээн өргөжин хүрээгээ тэлж, номыг дээдлэн хүндэлдэг, номд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг баяр болон өргөжсөн байна.

ДАШТ: Улсын заан М.Лхагвагэрэл алтан медалийн төлөө барилдана
ДАШТ: Улсын заан М.Лхагвагэрэл алтан медалийн төлөө барилдана
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.