Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨНӨӨДРИЙН ГОЛ ДҮР: “Соронз” шиг Ж.Соронзон...

Ангилал
Нийгэм Гол дүр
Огноо
Унших
2 минут 37 секунд

Ж.Соронзонг өнөөдөр ажлаас нь халсан Л.Энх-Амгалан өчигдрийн гол дүр байсан. Тэгвэл тойрохоо зуруулсан Ж.Соронзон яалт ч үгүй өнөөдрийн гол дүр. 30 жилийн түүхтэй гэгдэх “Орос III” сургуульд “соронз” шиг наалдчихаад салдаггүй хүн бол Ж.Соронзон. Угтаа боловсролын салбар боловсон хүчнээр дутна уу гэхээс илүүдэхгүй. Гэтэл Ж.Соронзон энэ салбарт “илүүдэж” байсныг энэ өдрүүдэд бүгд харлаа, үзлээ. Бас хамтдаа дүгнэлээ.

Ах дүү, амраг садантайгаа нийлж, ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг түүнийг боловсролын салбар битгий хэл хуулийн байгууллага ч дийлдэггүй юм байна. Соронз шиг Ж.Соронзон угтаа нэгхэн сарын дараа тэтгэвэртээ гарах байв. Гэтэл өнөөдөр Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэдхэн хормын дотор салбараасаа “арчив”. Нэг харвал хүнлэг бус ч юм шиг атлаа, үнэн хэрэгтээ Ж.Соронзон өөрөөсөө л боллоо.

Боловсролын салбарт 30 жил “даам” гарчихсан түүнд сэхээтэн хүнд байх наад захын соёл байсангүй. Харилцаа хандлага, ёс зүйн хувьд ч гэсэн төрд ойртуулж боломгүй хүн гэдэг шиг боловсролын салбар руу ойртуулж боломгүй санагдсанаа нуух юун. Ялагдашгүй эрх мэдэлтэй түүнийг ийнхүү дарж авсан нь өнөөдөр бялдуучдын бухимдлыг төрүүлэхийн зэрэгцээ сургуулийн “амин сүнс” гэх пайзыг зүүлгээд амжив. Ямар сайндаа л сургуультайгаа, Ж.Соронзонтойгоо, юутай ийтэйгээ арчигдах гэж байгаа мэт жагсаад амжлаа.

Үнэхээр Ж.Соронзон захирал сургуулийн "цохилох зүрх" нь байсан юм бол төдийгөөс өдий хүртэлх бүтэн 30 жилийн хугацаанд яг юу хийж бүтээсэн юм бэ. Наад зах нь сургуулиа Ж.Соронзонгүй үед аваад явчих хэмжээний залгамж халаагаа бэлдэхгүй яасан юм бол. Ж.Соронзонгүй бол сүйрэх гээд байгаа сургууль сарын дараа тэтгэвэрт гарахад яах байсан юм бол. Эцэг эхчүүд нь сарын дараа сүйрэх нь илүү гэж бодсон юм болов уу. Үнэндээ мэдэх юм алга.

Ямар ч байсан боловсролын салбарт хэдэн мянган ийм "хүнд гарууд" үүрлэж, өндөглөөд удсаны нэг жишээ бол Ж.Соронзон.

Т.Алтанзагас

Дорнын эдийн засгийн чуулганд Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд оролцлоо
Дорнын эдийн засгийн чуулганд Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд оролцлоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.