Хуурамч дипломын асуудал хөндөгдсөнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг МУИС-ийн хуурамч дипломтой гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Тиймээс энэ асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Zarig.mn сайтад дараах тодруулгыг өгчээ.
Тэрбээр "Ерөнхий сайд бид хоёр МУИС-ийг төгссөн нь үнэн. Заасан багш, хамт суралцсан ангийн нөхөд бий. Түүнээс гадна бичсэн дипломын ажил, сэдэв маань ч байгаа. Тиймээс үүн дээр ямар нэг эргэлзэх зүйл байхгүй. Яагаад гэвэл улсын бүртгэлд орсон, дипломын дугаар нь яаманд бүртгэгдчихсэн байгаа.
Бид хоёр 2009 оны зургаадугаар сарын 02-нд хамт тухайн үеийн МАХН-ын Хэрэг эрхлэх газарт газрын дарга нараар томилогдож байсан. Нэг нь инженер, нөгөө нь сэтгүүлч мэргэжилтэй хоёр хүн орж байлаа. Бид хоёрт улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах зайлшгүй шаардлага гарсан. Тэгээд МУИС-ийн хэрэгжүүлж байсан бакалаврын зэрэг хамгаалахаар МУИС-ийн программд хамрагдсан.
Боловсролын сайд уг асуудлыг хөндөж тавьсан нь маш сайшаалтай. Тийм ч учир дан ганц боловсролын салбарт биш, төр бүх түвшиндөө хяналт шалгалт хийх зайлшгүй шаардлагатай.
Бидний дипломыг зөвхөн биднээс үзэх биш боловсролын салбарын дипломын бүртгэлээс үзэх боломжтой. Нээлттэй байгаа" гэв.