Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй гадаад валютын нөөцийн асуудлаар ярилцлаа.
- Валютын ханш дээр Монголбанк ямар бодлого баримталж байгаа вэ?
- Ам.доллар сулрах үзэгдэл нь зөвхөн Монголбанк бус дэлхий нийтээр ажиглагдаж байгаа. АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ эрчимтэй чангаруулсаар байгаа. Үүнээс шалтгаалан хөгжиж буй орнуудаас хөгжингүй орнууд руу хөрөнгө гадагшлах эх үүсвэр ихээр ашиглагдаж байна. Энэ үзэгдэл Монгол Улсыг тойроогүй төгрөгийн эсрэг ам.долларын ханшийг суллахад нөлөөлж байна. Нөгөөтээгүүр он гарснаас хойш найман сарын байдлаар төлбөрийн тэнцэл 1.6 тэрбум ам.долларын алдагдалтай байгаа. Төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэхэд импортын өсөлт нөлөөлж байна. Мөн урсгал дансанд дээр үйлчилгээний зардлууд нэмэгдсэн байгаа. Энэ нь мөн төлбөрийн тэнцлийн алдагдалд нөлөөлж байна.
Нөгөө талаас экспорт дээр нүүрсний тээвэр таван сараас хойш сэргэсэн хэдий ч өнгөрсөн онуудтай харьцуулахад оргил үетэй харьцуулахад бага байна. Эдгээр хүчин зүйлсээс шалтгаалан төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн нь гадаад валютын нөөц болон валютын ханшийн дээр нөлөөлж байгаа.
- Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
Монголбанкны хувьд төлбөрийн тэнцлийн алдагдлын хурдыг оны төгсгөл рүү саарах болов уу гэсэн хүлээлт байгаа. Нүүрсний тээвэрлэлтийг эрчимжүүлбэл орлого нэмэгдэнэ. Мөн арилжааны банкууд 200-300 орчим сая ам.долларын гаднын зээл авахаар яригдаж байгаа.
Мөн Засгийн газар, олон улсын санхүүгийн байгууллагуудаас дэмжлэг, зээл авахаар яригдаж байна. Эдгээр урсгалууд орж ирвэл төлбөрийн тэнцлийн алдагдал оны төгсгөлд тогтворжих болов уу. Энэ нь нүүрсний экспортоос нэлээд хамаарна. Үүнийгээ дагаад ханшийн сулрал ч мөн оны төгсгөлд харьцангуй тогтворжино гэдэг хүлээлттэй байна.
- Иргэдийн худалдан авалт ханш дээр хэрхэн нөлөөлөх вэ?
- Он гарснаас хойш долоон сарын байдлаар зээлийн өсөлт 20 хувьд хүрсэн. Гэвч зээл олголт ерөнхийдөө саарч байгаа. Мэдээж Төвбанкны зүгээс хэрэгжүүлж буй мөнгөний бодлогыг хатууруулах арга хэмжээнээс хамаарч байгаа. Эндээс харахад цаашид хэрэглээтэй холбоотой импортын өсөлт буурах болов уу гэсэн хүлээлттэй байна. Оны төгсгөлд хөрөнгө оруулалттай холбоотой төсвийн зардлаас шалтгаалан импорт дээр дарамт үүсэж болзошгүй.
Мэдээж Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалттай холбоотой импортыг бууруулах нь зохимжгүй. Харин хэрэглээтэй холбоотой импортыг бууруулах шаардлагатай. Ханш суларснаар импортыг бууруулахад нөлөө үзүүлнэ.
- Ам.долларын ханш хэлбэлзэж эхэлснээс хойш ОХУ-аас их хэмжээний рубль орж ирж төгрөгөөр сольж тэрхүү төгрөгөөрөө ам.доллар авч байна гэсэн хардлага байна. Энэ талаар мэдээлэл хүргээч ?
- Үүнтэй холбоотой үзэгдэл бага хэмжээгээр ажиглагдаж байгаа. Гэхдээ төгрөгийн ханшид нөлөө үзүүлэхүйц түвшинд хүрээгүй. ОХУ-руу гарч байгаа болон орж ирж байгаа валютын урсгалд Төвбанк тогтмол ажиглалт хийж байна.
- ОХУ-аас худалдан авч буй цахилгаан, шатахууны төлбөрийг рублиэр хийх боломжтой юу ?
- ОХУ-ын эсрэг олон улсын авсан хориг арга хэмжээтэй холбоотойгоор төлбөр тооцоо дээр хүндрэл гарч байгаа. Үүнээс шалтгаалан ОХУ-ын банкуудын зүгээс төлбөр тооцоог рублиэр хийх санал тавьж байгаа. Манай улсын хувьд рубль олох эх үүсвэр хомсдмол байдаг. Хориг арга хэмжээтэй холбоодтойгоор рублийн арилжаа зогссон. Үүнийг шийдвэрлэсэн тохиолдолд рублиэр төлбөр тооцоо хийх боломжтой.
- Ипотекийн зээл саарсныг түр хугацааных гэж ойлгож байна ?
- Ипотекийн зээл хэвийн олгогдож байгаа. Оны эхнээс 4600 гаруй зээлдэгч 400 тэрбум орчим төгрөгийн ипотекийн зээл авсан. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад буурсан үзүүлэлт. Өнгөрсөн оны хувьд эдийн засгийн хүндрэлийг давахын тулд 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлсний дүнд ипотекийн зээл олголт өндөр байсан. Энэ жилийн хувьд өмнө жилүүдийн түвшинд хүрсэн тэр хэмжээгээрээ ипотекийн зээл олгогдоод явж байна. Он дуустал ипотекийн зээл хэвийн явагдана. Ипотекийн зээлийг ковидын хуулийн хүрээнд хэрэгжүүлж байна. Энэ хууль дуусгавар болсон тохиолдолд цааш хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байна.
2018 онд орсон төвбанкны тухай хуулийн өөрчлөлтөөр төсвийн шинжтэй арга хэмжээ санхүүжүүлэхийг хориглосон.
Монголбанкны зүгээс банкуудад өгдөг зээлийн эх үүсвэр хэвийн явагдаж байгаа.
- Ярилцсанд баярлалаа.