Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Зам, тээврийн хөгжлийн сайдаар Сандагийн Бямбацогт томилогдсон.
Тэрбээр "Энэ салбарын талаар мэдээлэлтэй байгаа. Олон нийтийн өмнө хамгийн том тулгамдсан асуудал нь Дарханы зам. Тиймээс ядаж Дарханы замын нэг урсгалыг энэ жилдээ багтаан оруулах тал дээр түлхүү ажиллана. Монгол Улсын төсөв хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа. Автозам, боомтын тулгамдсан асуудлууд их байгаа. Би төрд орохоосоо өмнө бизнес хийж байсан. Тэр дундаа автозамын бүтээн байгуулалтын ажилд оролцож байсан. Миний хамаарал бүхий компани 2013 оныг хүртэл зам гүүрийн барилга угсралтын ажлыг хийдэг байсан. Сүүлийн арван жилд энэ салбарын ажил хийхээ больсон. Тиймээс ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй" гэв.