Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Үндэсний их баяр наадмын бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг "64 бөхийн шинжилгээний хариу ирсэн. 63 бөхөөс допинг илрээгүй. 5-ын даваанд унасан, улсын цолтой нэг бөх допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон.
Тухайн бөхийн нэрийг одоогоор хэлэх боломжгүй. Шинжилгээний хариуг өөрт нь биечлэн танилцуулна. Танилцуулаад дараагийн шатны буюу Б сорьцын шинжилгээ хийлгэх эсэхийг хувь тамирчинд зарлана. Шинжилгээнд орох эсэх хариугаа есдүгээр сарын 1 гэхэд мэдэгдэх ёстой. Хэрвээ одоо ирсэн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд бөхийн нэрийг олон нийтэд зарлана. Допингийн шинжилгээ эцэслэгдсэний дараа хариуцлагын асуудал яригдана" гэлээ.