Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Допингийн шинжилгээний хариуг “НОХОЙН ЗАМААР“ оруулах нь...

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
4 минут 39 секунд
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, Бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг

Монголчууд эрт дээр үеэс үндэсний бөхөө дээдлэн хүндэтгэж ирсэн ба жудагтай эрчүүд хэмээн бөхчүүдээ цоллодог нь өнөөг хүртэл бишрэн магтсаар байгаагийн илрэл. Гэвч жил бүр үндэсний их баяр наадмын дараа “ДОПИНГ”-той нэр холбогдох бөхчүүдийн цуваа шил, шилээ дараалан гарч, монголчуудын итгэлийг хөсөрдүүлдэг нь нууц биш.

Тэгвэл энэ жилийн Үндэсний их баяр наадам буюу Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойгоор зодоглосон 1024 бөхөөс дөрөв давсан 64 бөхөд болон сур харвааны эрэгтэй, эмэгтэй 16 харваачаас допингийн шинжилгээ авч, сорьцийг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторит хүргүүлсэн гэх. Гэвч допингийн шинжилгээний хариу эхнээсээ увж, цуван гарсаар өнөөдрийн байдлаар 77 хариу ирсэн байна.

Гэтэл сүүлийн өдрүүдэд допингийн шинжилгээний хариу задарсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа ба нэр бүхий долоон бөхөөс допинг илэрсэн, тэр дундаа улсын аварга цолтноос илэрсэн гэх албан бус мэдээлэл тархаад буй. Үүнд албаны эх сурвалжууд мэдээлэл өгөхдөө “Допингийн шинжилгээний хариуг задлаагүй, бүрэн гарсны дараа задалж нийтэд мэдээлэх ёстой” гэдгийг хэлж байгаа юм.

Иймд бид Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжаваас энэ асуудалд байр сууриа илэрхийлэх эсэхийг асуухад “Орон нутагт явж байгаа учир одоохондоо боломжгүй байна. Допингийн шинжилгээний хариу зөвхөн Үндэсний их баяр наадмын комисст ирдэг тул хариуцсан газраас асуух нь зүйтэй” гэдгийг хэлсэн юм.

Харин допингийн шинжилгээний хариу яагаад удаашралтай байгаа болон цуварч ирэх шалтгаан нь юу байгаа талаар Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар комиссын дарга П.Сайнзоригоос тодруулахад, “Допингийн хариу цувж ирж байгаа нь лабораториосоо хамаарч байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Бид систем дээр допингийн шинжилгээний хариу бүрэн буюу 80 хариу ирж дуусахад нийтэд ил тод байдлаар мэдээлэл хийнэ. Мөн шинжилгээний хариуг задлаагүй, задлах эрхгүй шүү дээ” гэв.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар шинжилгээний хариу задраагүй юм бол хэн, хаанаас допингийн шинжилгээний хариу гарсан талаар мэдээлэл тараасан нь сонирхол татна. Үнэхээр допингийн шинжилгээний хариу задарч, долоон бөхөөс допинг илэрсэн нь баттай бол шинжилгээний хариу ийнхүү удаашралтай байгаа нь цаанаа томчуудын “МААПААН” үүсч, шинжилгээний хариуг "НОХОЙН ЗАМААР" оруулах гээд байна уу гэх хардлага төрүүлж байгааг амтай болгон ярьж байгаа юм. Ялангуяа бөх сонирхогчдын дунд хамгийн их анхаарал татдаад байгаа сэдэв нь Улсын аварга цолтноос допинг илрэх үү, үгүй юу гэдэгт төвлөрөөд буй.

Учир нь өнгөрсөн жилийн наадам буюу "Хүй долоон худагт" болсон барилдааны дараа нэр бүхий дөрвөн бөхөөс допинг илэрч, улмаар улсын аварга Э.Оюунболд Арбитрын шүүхэд хандан, эрхээ сэргээлгэсэн бол тавдугаар сарын явцын шинжилгээгээр аймгийн арслан Д.Ням-Очир, Б.Лхагвадорж нараас допинг илэрсэн ч наадмын өмнө дээрх бөхчүүдийн эрхийг сэргээн улсын баяр наадамд барилдуулсан юм.

Үүнээс харахад Наадмын дараа намар гэдэг хэлц өнөөдөр “Наадмын дараа допингийн МААПААН” гэх үгээр солигдож байна уу гэлтэй. Допингийн шинжилгээний хариу ийнхүү удаашралтай байгаагийн дээр хариу задарсан гэх дэл сул яриа гарч байгаа нь зүгээр ч нэг худал үг биш болов уу. Харин одоо бөх сонирхогчид хийгээд бөхчүүд ч тэр шинжилгээний хариу хэрхэн гарах, цаашлаад аварга цолтноос допинг илэрвэл хэрхэн хариуцлага тооцохыг чих тавин хүлээхээс өөр сонголтгүй юм.

“Н.Ганибал, Ш.Адьшаа хоёрыг АН-ын гишүүн гэж үзэхгүй“
“Н.Ганибал, Ш.Адьшаа хоёрыг АН-ын гишүүн гэж үзэхгүй“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.