Наймдугаар сарын 6,7 буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын талаар албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг “Даншиг наадам-Хүрээ цам” нь шашин соёлын наадам төдийгүй нийслэл хотоос зохион байгуулдаг уламжлалт аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн юм. Улс орнуудын аялагч, жуулчдыг татах, монголчуудын өвөрмөц өв соёлоо түгээн дэлгэрүүлэх боломжтой энэхүү наадмыг гадаадын төдийгүй дотоодын аялагч нар ихээхэн сонирхдог. Дэлхийн аялал жуулчлалын холбооноос гаргасан судалгаагаар нэг жуулчин өдөрт багадаа 150 ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо гарсан. Энэ бол Ковид-19-ын өмнөх судалгаа. Тэгэхээр одоо бол энэ тоо чамгүй өндөр гарах байх. Зорин ирсэн жуулчин 5-7 хонодог гээд бодохоор аялал жуулчлалын эвентүүд зарцуулсан төсөв хөрөнгөө буцаагаад олдог байна. Тиймээс аялал жуулчлалын эвентүүдийг тогтмол хөгжүүлэх бодлогыг НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас барьж ажилладаг" гэв.
“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам нь аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болж, олон танигдсан. Даншиг наадмаар шашны зан үйлээс гадна 256 бөх барилдаж, хурдан морьдын уралдаан, сурын харваа болно. Энэ жилийн “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмыг үзэхээр 150 жуулчин захиалга өгсөн байна.
2018 онд тус наадмыг үзсэн 2400 жуулчны олонх нь БНХАУ-аас зорин ирсэн байдаг. Энэ жилийн хувьд хил хаалттай учир урд хөршөөс жуулчид ирэх боломжгүй байгааг тодотгож байлаа. Түүнчлэн манай улсыг зорин ирж буй нэг жуулчин дунджаар 2500 ам.долларыг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Тиймээс энэхүү наадам нь ковидын жилүүдэд хүндхэн байдалд орсон аялал жуулчлалын байгууллагуудыг дэмжих ач холбогдолтой. “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын үеэр хэвлэл, мэдээллийн байгууллагынханд зориулж, Пресс центр ажиллуулах юм.