Дуучин Нара буюу М.Нарантуяа өөрийн цахим хуудсаараа дамжуулан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны хэсэг иргэд өөртэй нь газрын асуудлаар маргаан үүсгэсэн талаар мэдэгдсэн юм.
Тэрбээр "Түнхэл тосгонд зөгийн аж ахуйгаа хөгжүүлэх гэж яаж явааг минь Монголын ард түмэн, Түнхэлчүүд маш сайн мэднэ. Түнхэл сумын зарим иргэдийн дургүй хүрч гэнэ. Түнхэлчүүд маань намайг хөл хүнд, удахгүй амаржих гэж байгааг мэдэж байгаа. Арай л гэдсээ зад өшиглүүлчихсэнгүй, энэ тосгонд. Би байгаагаасаа байхгүйн төлөө энэ тосгоны төлөө явсан. Гэтэл таван жилийн босгон дээр би мөрөөдлийн байшингаа барихаар болсон. Гэтэл намайг хундаам ухлаа гээд ойр орчмын 10 орчим хүн ирж хэл ам хийгээд "Нарагаас Түнхэл тосгоноо аваръя" хөдөлгөөн өрнүүлж байна.
Би мод огтлоогүй, алт ухаагүй, газар сэндийчээгүй. Би залуу хүн. Мөрөөдлийн байшингаа барьж, байгаа газраа хөгжүүлж, хэдэн хүний ажлын байр байгуулья гэж бодсон. Гэтэл "Нутгийн иргэн нь зуслангийн газаргүй байхад энэ яагаад энд газар авдаг юм" гэж ирсэн. Ард иргэд хүчтэй юу, Наран хүчтэй юу гэж ярьж байна. Би ард иргэдийн нэг биш гэж үү. Тамын тогооны үлгэр гэж Монголд байдаг юм байна. Үндсэн хуулиараа Монгол Улсын иргэн хаана ч амьдрах эрхтэй. Би найман сартай жирэмсэн мөртлөө зөгийндөө суугаад, бүх ажлаа зохицуулаад явж байгаа. Үр хүүхдийг минь айлгаж ичээгээд, бие эрүүл мэнд амь насанд минь заналхийлээд л байж байна. Хуулийн дор амьдардаг гэдгийг энэ хүмүүст харуулах болно.
Би Ерөнхий сайдад хандмаар байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ, залуусыг дэмжих бодлого чинь хаана байна" гэв.