Барилга хот байгуулалтын яамнаас мэдээлэл хийлээ. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилгуудын төсөвт өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор хийж буй магадлалын хугацаа наймдугаар сарын 1-нээс дуусаж байгаа юм.
БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн: УИХ-аас 2021 оны 11 дүгээр сард 2022 оны Улсын төсвийг баталсантай холбогдуулан үнийн өсөлттэй холбогдуулсан үнийн индексийг батлах, өмнө батлагдсан төсөл арга хэмжээний төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцож, танилцуул гэсэн үүрэг өгсөн. Барилга хот байгуулалтын яамнаас 2021 оны 12 дугаар сард бэлтгэл ажлыг ханган 2022 оны нэгдүгээр сараас эхлэн бусад төсвийн ерөнхийлөн захирагч нартай хамтран ажиллаа.
Энэ хугацаанд нийт 1122 төсөл арга хэмжээ жагсаагдаж, бидэнд ирсэн. Эдгээрийг шүүж үзэн 800 гаруй төсөл арга хэмжээг зайлшгүй магадалж, барилгын материалын үнийн өсөлтийг тооцох шаардлагатай гэж үзэн төсвийн захирагч нартай нь тохирсон. Ингээд 534 төсөр арга хэмжээ манай Барилгын хөгжлийн төв, Зам тээврийн хөгжлийн төв, Эрчим хүчний хөгжлийн төвөөр орж магадлагдан 2023 оны төсөвт 274.3 тэрбум төгрөг барилгын материалын үнийн өсөлтийг тооцоход шаардлагатай үзсэн. Энэхүү саналыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулснаар дэмжигдэж холбогдох байнгын хороонд танилцуулах чиглэл өгсөн. Улмаар энэ сарын дөрөвний өдөр Төсвийн байнгын хороонд уг саналыг танилцуулсан. Байнгын хорооны гишүүд ярилцан наймдугаар сарын нэгний өдрийг хүртэл үлдсэн төсөл арга хэмжээгээ хамруулах талаар анхаарч нэг удаа боломж олгон, эцэслэн танилцуулах чиглэл өгсөн. Үүний дагуу 371 төсөл арга хэмжээ үнийн өсөлтөө тооцуулах боломжтой.
Өнөөдрийн байдлаар энэ хамрагдалт бидний санасанд хүрэхгүй байна. Тиймээс энэ арга хэмжээг яаралтай зохион байгуулах хүсэлтийг хүргэж байна. Барилга барьж буй ААН-үүд барилгын материалын үнийн өсөлтөө тооцуулчихвол наймдугаар сарын 15-ны дотор Сангийн яаманд салбарынхаа төсвийн багцыг хүргэхдээ 2023 оны төсөвт суулгах төлөвлөгөөтэй байна.