Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн амиа алдсан явдалд гүн эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр "Монгол түмний хамгийн ойр хүний нэг Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ харамсалтайгаар амь насаа алдсанд Японы ард түмэн, түүний гэр бүлийнхэн, дотно бүх хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье.
Тэрээр Монгол Улсыг бодлого, улс төр, хөрөнгө санхүү, нийгэм эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн бүхий л салбарт бодитой дэмжиж ирсэн юм. Тухайн 2 улсын хамтын ажиллагааны хамгийн дээд хэлбэр нь Чөлөөт худалдааны гэрээ гэж боддог. G7 буюу Дэлхийн хамгийн том эдийн засагтай 7 улсаас Ш.Абэ Ерөнхий сайд хамгийн анх удаа Монгол Улсыг маань тоож, Чөлөөт худалдааны анхны хэлэлцээрийг амжилттай дуусгах түүхэн боломж олгосон юм.
Өөрөөр хэлбэл, бидэнд “Загаснаас илүү загас барих арга”-ыг нь зааж өгч тухайн эмнэлэг, нисэх буудал, зам гүүр барьж өгөхөөс гадна Монгол Улс илүү хөгжих, илүү орлого олох арга замыг засч, нээж өгсөн- Алсын хараатай бодлоготон байлаа.
Ганц энэ баримт л түүнийг гарцаагүй Монгол Улсын маань түүхэнд үлдэх Улстөрч гэдгийг хангалттай харуулна. Их, энгүй, эгэл хүн Та эх орныхоо хөрсөнд тайван нойрсоорой" гэсэн байна.