2021 онд Худалдаа хөгжлийн банкийг, түүний өмнө ХААН банкийг залилж байсан этгээд гадуур байцаагдаж байхдаа оргон зайлсан талаар бид мэдээлсэн. Түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн хайж, улмаар мэдээлэл өгсөн хүнд 20 асая төгрөг амласан байсан.Тэгвэл ХХБ-ыг дээрэмдсэн Б.Бямбадорж гэх этгээдийг баривчилжээ.
Дахин сануулахад иргэн Б.Бямбадорж 2021 оны тавдугаар сарын 25-нд бүлэглэх замаар Худалдаа хөгжлийн банкны Шангри-Ла дахь салбараас 2 сая ам.доллар бэлнээр залилж, гаргуулсан байдаг. Энэ нь 5.7 тэрбум орчим төгрөг юм. Б.Бямбадорж нар нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, гадаадын компаниас хийгдэх ёстой байсан гүйлгээг гаргуулж авсан нь энэ хэмээн эх сурвалжууд мэдээлж байлаа.
Банкны ажилтнууд мөнгө залилсныг үйл явдлаас хойш нэг цагийн дараа мэдэж, цагдаагийн байгууллагад хандсан байв. Эрэн хайх ажиллагааны хүрээнд хүнгүй орхиж явсан Land Cruiser маркийн автомашин дотроос 1.1 сая ам.долларыг нь олсон байдаг. Харин үлдсэн 900 сая ам.доллар нь өнөө хэр олдоогүй гэх мэдээлэл байгаа юм.
Эцэст нь Б.Бямбадорж нарыг 2021 оны тавдугаар сарын 29-нд өөр бүлэглэсэн хоёр этгээдийнх нь хамт Маахуур толгой орчмоос олж, баривчилсан. Тэд үүргэвчтэй, автомашин дотор хоног төөрүүлж байхдаа ийн баривчлаад байсан юм.
Гэвч хэрэг шийдвэрлэх процесс хачирхалтай өрнөж, Б.Бямбадоржийг шүүхээс батлан даалтад гаргаж, гадуур байцаажээ. Ийн гадуур байцаагдаж байхдаа Б.Бямбадорж оргон зайлсан байсан ч өчигдөр Ховд аймгаас баривчилсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.