Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын бүлгийн 10 гишүүний ДӨРӨВ нь бүлгийн дарга болохоор ЗҮТГЭЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 27 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Давааны цаана даваа гэгчээр Ардчилсан намын бүлгийн зовлон дуусахгүй бололтой. Найман сарын турш манарч, манарч арай гэж Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулах аргаа олсон. Ингээд сар гаруй “Туулын мөсийг долоох шахаж” байж батлуулсан бүлгийн даргаа огцруулах хуулиа өчигдөр хэрэгжүүлэх гээд чадсангүй. Бүлгийн шинэ даргаа сонгож чадахгүй баахан хэрэлдэж байгаад орой хэрд тарцгаасан байна.

Хамгийн сонирхолтой нь 10 гишүүнтэй АН-ын бүлгийн хурал дээр дөрвөн гишүүн нь бүлгийн дарга болох санал гаргажээ. Олигтойхон худлаа яривал бараг бүлгийн гишүүдийн тал нь дарга болохоор “дайрсан” гэсэн үг. Угаасаа Д.Ганбат бүлгээсээ гарч буйгаа зарлачихсан. Түүний эзгүйд АН-ын бүлэг аравуулаа болсон. Гэвч тэдний бараг тал нь шахуу дарга болно гэж амбицлажээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, бүлгийн дэд дарга Н.Ганибал нар бүлгийн дарах болох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Ингээд гурвалжин, дөрвөлжин нэр дэвшилт дунд бүлгийн гишүүд нь өдөржин хэрэлдсээр асуудлаа шийдэж чадаагүй. Улмаар өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж эцсийн шийдвэрээ гаръя гээд салцгаасан байна. Магадгүй өнөөдөр “аваргууд” бүгд нэр дэвшихээр дахин зүтгэвэл АН-ын бүлгийн шинэ дарга 10 гишүүнтэй бүлгийн гишүүдийнхээ 3-4 хүний саналыг авахад л хангалттай. Өөрөөр хэлбэл, өөртөө өгөх санал дээрээ нэмж хоёр хүний саналыг татахад л асуудлаа шийднэ гэсэн үг. Мөн Б.Пүрэвдорж гишүүн өнөөдрийн хуралдаа оролцохгүй байх магадлалтай. Учир нь тэрбээр өчигдрийн сандал ширээний асуудал шийдсэн хуралд оролцоогүй. Хэрвээ Б.Пүрэвдорж гишүүн дахиад бүлгийн хурлаа орохгүй бол өнөөдөр АН-ын бүлгийн асуудлыг 9 гишүүн шийдэх байх. Ингэсэн тохиолдолд жинхэнээсээ гурван хүний саналаар бүлгийн дарга болох нөхцөл бүрдэх юм.

Тэгвэл эдгээр горилогчдоос хэн нь бүлгийн дарга болох боломжтой вэ гэдгийг бага зэрэг эрүүл ухаанаар бодож үзье. Мэдээж хамгийн эхэнд тохирох ёстой дүрэм бол Х.Баттулгад хүлээн зөвшөөрөгдсөн, түүний талын хүн л бүлгийн дарга болно. Дахиж Д.Ганбат шиг зөрүүд "өвгөд"-д бүлгээ өгөхгүй. Горилж буй А.Адъяасүрэн, О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Н.Ганибал нар бүгдээрээ л Х.Баттулгадаа үнэнч гэдгээ харуулцгаасан шигшмэл улс. Харин Ж.Батсуурь өнгөрсөн хавар нэрээ татаж бага зэрэг итгэл хөсөрдүүлсэн талтай. А.Адъяасүрэнгийн хувьд бүлэг даргалах нь байтугай төлөг маллахад ч нэмэргүй хүн. Эцсийн дүнд Н.Ганибал, О.Цогтгэрэл хоёрын нэгд илүү боломж үүсэх ба Н.Ганибалыг Ж.Батсуурьтай холбож үзээд тойргийн гадна үлдээх эрсдэлтэй. Ингээд хамгийн магадлалтай нь О.Цогтгэрэл гишүүн гэхэд болно. Анх удаа УИХ-д сууж байгаа ч бүлгээ нэлээдгүй сайн бужигнуулсан мань эр нөгөө хэдээ бодвол үг хэл нь арай л илүү зүгширсэн. Сая Д.Ганбатыг "зайлуулах" ажлыг оройлон удирдаж, гишүүнийхээ албан бланкаа хүртэл ашиглуулсан.

Тиймээс энэ их зүтгэлийг нь бодсон ч, бусдаасаа арай дөнгүүрийг нь бодсон ч бүлгийн даргаар томилогдох хамгийн магадлалтай хүн нь О.Цогтгэрэл.

Гэхдээ УИХ-ын дэд дарга С.Одонтуяа бүлгийн даргад хоёр ч удаа УИХ-д суусан Б.Пүрэвдоржийг тавих саналыг эзгүйд нь гаргасан гэх мэдээлэл бас байна. Д.Ганбатыг арай гэж дарж авсан ЖАН-гийнхан Д.Ганбатаас хавь илүү дэмжлэгтэй нөхрийг бүлгийн даргаар тавих нь юу л бол.

Ямартаа ч АН-ын бүлгээр дүүрэн дарга болох хүсэлтэй хүмүүс байна. Өнгөрсөн шөнө харин хэнийг нь дээд “тэнгэр” нь илүү таалсан бол доо.

Г.Лхагвадорж

СУРВАЛЖИЛГА: Наадам дөхөхөөр л унаач хүүхдээ хайдаг УЯАЧ, асуудлаа хөнддөг ТӨР
СУРВАЛЖИЛГА: Наадам дөхөхөөр л унаач хүүхдээ хайдаг УЯАЧ, асуудлаа хөнддөг ТӨР
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.