Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОМ: ШШГЕГ, ГЕГ, ЖДҮГ-ын дарга нар 1-4 тэрбум төгрөгийн орон сууцтай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
21 минут 30 секунд

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтны 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргажээ. Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлэгт хэрхэн өөрчлөлт орсонтой танилцана уу .

"Архивын ерөнхий газрын даргын орлого 8 сая төгрөгөөр нэмэгджээ"

Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар нь 2020 онд өөрийн орлогоо 21 сая төгрөг хэмээн мэдүүлсэн нь 2021 онд 29 сая төгрөг болж нэмэгджээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 39 сая төгрөгөөс 45 сая төгрөг болж өссөн байна. Тэрбээр 2020 онд нийт 407 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин мэдүүлжээ. Харин 2021 онд 34 сая төгрөгийн үнэ бүхий нэг авто зогсоолтой болсон байна. 10 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Mark х-1 маркийн автомашинтай. 20 сая төгрөгийн үнэт эдлэл, 190 сая төгрөгийн зээлтэй аж.

"Ашигт малтмал газрын тосны газрын даргын орлого 24 сая төгрөгөөр буурчээ"

Ашигт малтмал газрын тосны газрын дарга Л.Баярмандал нь 2020 онд өөрийн нийт орлогооо 50 сая төгрөг хэмээн мэдүүлсэн бол 2021 онд 26 сая төгрөг болж буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 2020 онд 103 сая төгрөг байсан бол 2021 онд 108 сая төгрөг болж өссөн байна. Тэрбээр 559 сая төгрөгөөр үнэлэгдэх 4 байр, 1 авто зогсоолтой. 60 саяар үнэлэгдэх Lexus, RX 330 машин, 50 саяын газартай. 23 сая төгрөгийн үнэт эдлэлтэй аж. Хадгаламжиндаа 185 сая төгрөгтэй тэрбээр 76 сая төгрөгийн авлагатай, 94 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлжээ.

"Гаалийн Ерөнхий газрын дарга НЭГ тэрбум 84 сая төгрөгийн орон сууцтай"

Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт нь 2020 онд өөрийн нийт орлогын хэмжээгээ 26 сая төгрөг хэмээн мэдүүлсэн нь 2021 онд 30 сая төгрөг болж нэмэгджээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлогын хэмжээ нь 6 сая төгрөгөөс 7 сая төгрөг болжээ. Тэрбээр нийт нэг тэрбум 84 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр нийтийн орон сууц, нэг авто зогсоолтой. Харин 135 сая төгрөгийн туулах чадвар өндөр Land Rover, Range Rover- 1 маркийн автомашинтай. 188 сая төгрөгийн мал, 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй аж. Мөн дотоодын банканд 64 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлжээ.

"Гадаадын иргэн харьяатын газрын даргын орлого 77 сая төгрөгөөр буурчээ"

Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр нь 2020 онд өөрийн орлогоо 317 сая төгрөг хэмээн мэдүүлсэн нь 2021 онд 240 сая төгрөг болж буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлогын хэмжээ нь 28 сая төгрөгөөс 16 сая төгрөг болж мөн буурсан байна. Тэрбээр нийт 393 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто зогсоолтой.

Мөн 35 сая төгрөгийн мал, 113 сая төгрөгийн үнэт эдлэл, 40 сая төгрөгийн газар, 90 сая төгрөгийн хадгаламжтай. Харин 136 сая төгрөгийн авлага, 134 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлжээ.

"Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын орлого 11 сая төгрөгөөр нэмэгджээ"

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай нь 2020 онд нийт орлогоо 36 сая төгрөг хэмээн мэдүүлсэн нь 2021 онд 47 сая төгрөг болж нэмэгджээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 33 сая төгрөгөөс 46 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Тэрбээр нийт 476 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр нийтийн орон сууц, хоёр авто зогсоолтой. Мөн 80 сая төгрөгийн Mazda Proseed маркийн автомашин, 145 сая төгрөгийн мал, 25 сая төгрөгийн үнэт эдлэл, 13 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлжээ.

"Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын нэг жилийн орлого нь 33 сая төгрөг"

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдоржын нийт орлого нь 33 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдинй нийт орлого нь 19 сая төгрөг аж. Тэрбээр 137 сая төгрөгийн нэг нийтийн орон сууц, 15 сая төгрөгийн мал, 20 сая төгрөгийн газар, 3 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ. Мөн 67 сая төгрөгийн зээлтэй байна.

"Жижиг дунд үйлдвэрийн газрын даргын орлого 412 сая төгрөгөөр өсөж, орон сууцны үнэлгээ нь ХОЁР тэрбум давжээ"

Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нь 2020 онд өөрийн нийт орлогоо 94 сая төгрөг хэмээн мэдүүлсэн нь 2021 онд 506 сая төгрөг болж нэмэгджээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 30 сая төгрөгөөс 84 сая төгрөг болж нэмэгджжээ. Тэрбээр 2020 онд нийт нэг тэрбум 829 сая төгрөгийн үнэлгээ бүхий таван нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний зориулалттай барилга, нэг гэр, гурван авто зогсоолтой хэмээн мэдүүлсэн бол 2021 онд нийтийн орон сууц нь нэгээр нэмэгдэж, гурван авто зогсоолоо мэдүүлээгүй байна. 2021 онд орон сууц, барилга байгууламжын нийт үнэлгээ нь хоёр тэрбум 65 сая төгрөг болж өссөн байна. Мөн 170 сая төгрөгийн гурван автомашин, 82 сая төгрөгийн мал, 47 сая төгрөгийн гаазр, 51 сая төгрөгийн үнэт эдлэл, 104 сая төгрөгийн хадгаламжтай аж. Харин 20 сая төгрөгийн авлага, 100 сая төгрөгийн зээлтэй байна.

"Зэвсэгт хүчний жанжин штабын даргын орлого 85 сая төгрөгөөр буурчээ"

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг нь 2020 онд нийт орлогоо 117 сая төгрөг хэмээн мэдүүлсэн нь 2021 онд 32 сая төгрөг болж буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 82 сая төгрөгөөс 81 сая төгрөг болж буурчээ. Тэрбээр нийт 487 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний зориулалттай байшин, нэг авто зогсоолтой. 20 сая төгрөгийн үнэтэй машин, 52 сая төгрөгийн мал, 38 сая төгрөгийн газар, 198 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, 111 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн байна. Харин 90 сая төгрөгийн зээлтэй аж.

"Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын орлого 306 сая төгрөгөөр буурчээ"

Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга Н.Мөнхнасан нь 2020 онд өөрийн нийт орлогоо 419 сая төгрөг хэмээн мэдүүлсэн нь 2021 онд 113 сая төгрөг болж буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 17 сая төгрөгөөс 36 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Тэрбээр нийт 650 сая төгрөгөөр үнэлгэдэх нэг амины орон сууц, дөрвөн нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто зогсоолтой хэмээн мэдүүлсэн байна. Мөн 355 сая төгрөгийн үнэлгээ бүхий Toyota, Tundra- 1, Hino, Hino- 1, туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200- 1, Mercedes Benz, ML350- 1 тус тус мэдүүлсэн байна. Н.Мөнхнасан нь 189 сая төгрөгийн мал, 19 сая төгрөгийн үнэлгээ бүхий газар, 155 сая төгрөгийн үнэт эдлэл, 391 сая төгрөгийн хадгаламжтай бол 58 сая төгрөгийн зээлтэй аж.

"Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 14 сая төгрөгөөр нэмэгджээ"

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга Д.Зоригт нь 2020 онд нийт орлогын хэмжээгээ 58 сая хэмээн мэдүүлсэн бол 2021 онд 72 сая төгрөг болж нэмэгджээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 13 сая төгрөг байсан нь 6 сая төгрөг болж буурчээ. Тэрбээр нийт 150 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, 62 сая төгрөгийн газар, 15 сая төгрөгийн үнэт эдлэл, 3 сая төгрөгийн үнэлгээ бүхий Hyundai Porter маркийн автомашинтай хэмээн мэдүүлжээ. Мөн 243 сая төгрөгийн хадгаламжтай бол 2 сая төгрөгийн зээлтэй байна.

"Оюуны өмчийн газрын даргын бүх орлого болон өмч буурчээ"

Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан нь 2020 онд нийт орлогоо 25 сая төгрөг хэмээн мэдүүлсэн нь 2021 онд 5 сая төгрөг болж буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлогын хэмжээ нь 60 сая төгрөгөөс, 5 сая 900 мянган төгрөг болж буурсан байна. Тэрбээр 2020 онд нийт 920 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто граж мэдүүлсэн бол 2021 онд нийт 366 сая төгрөгийн нэг нийтийн орон сууц, нэг авто зогсоол мэдүүлжээ. Мөн 2020 онд 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий BMW X-6 маркийн автомашин мэдүүлсэн нь 2021 онд мөн үгүй болжээ. Харин дотоодын банканд 280 сая төгрөгийн хадгаламжтай байсан нь 2021 онд 187 мянган төгрөг болж буурчээ.

"Татварын ерөнхий газрын дарга 600 сая төгрөгийн авлагатай"

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал нь 2020 онд нийт орлогын хэмжээгээ 46 сая төгрөг хэмээн мэдүүлсэн нь 2021 онд 116 сая төгрөг болж нэмэгджээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 4 сая төгрөг аж. Тэрбээр нийт 395 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг амины орон сууц, нэг нийтийн орон сууц, 4 сая төгрөгийн хонь, 10 сая төгрөгийн газар, дотоодын банканд 28 сая төгрөгийн хадгаламж, гадаадын банканд 3 сая төгрөгийн хадгаламжтай аж. Харин 600 сая төгрөгийн авлага, 20 сая төгрөгийн зээл мэдүүлжээ.

"Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга 278 сая төгрөгийн хадгаламжтай"

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нь 2020 онд өөрийн нийт орлогын хэмжээгээ 37 сая төгрөг хэмээн мэдүүлсэн нь 2021 онд 36 сая төгрөг болж нэг сая төгрөгөөр буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлогын хэмжээ нь 10 сая төгрөг аж. Тэрбээр нийт 312 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто зогсоолтой. Харин 8 сая төгрөгийн газар, 278 сая төгрөгийн хадгаламжтай аж.

"Үндэсний геологийн албаны даргын гэр бүлийн гишүүдийн орлого 45 сая төгрөгөөр буурчээ"

Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун нь 2020 онд өөрийн орлогоо 75 сая төгрөг хэмээн мэдүүлсэн бол 2021 онд 62 сая төгрөг болж буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 100 сая төгрөгөөс 55 сая төгрөг болж буурчээ. Тэрбээр нийт 390 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг амины орон сууц, нэг нийтийн орон сууцтай. Харин 175 сая төгрөгийн үнэ бүхий Land cruiser -200 маркийн авто машин, Sonata 6 маркийн нэг автомашинтай аж. Мөн 15 сая төгрөгийн үнэт эдлэл, 2 сая төгрөгийн адуутай хэмээн мэдүүлсэн байна. дотоодын банканд 767 мянган төгрөгийн хадгаламжтай. 200 сая төгрөгийн авлагатай байна.

"Хил хамгаалах ерөнхий газрын дарга 480 сая төгрөгийн авлагатай"

Хил хамгаалах ерөнхий газрын дарга Х.Лхагвасүрэн нь 2020 онд өөрийн нийт орлогоо 30 сая төгрөг хэмээн мэдүүлсэн нь 2021 онд 26 сая төгрөг болж буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 360 сая төгрөгөөс 423 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Тэрбээр нийт 612 сая төгрөгийн үнэ бүхий нэг зуслангийн байшин, нэг хашаа байшинтай аж. Мөн 598 сая төгрөгийн хадгаламж, 480 сая төгрөгийн авлага мэдүүлжээ.

"Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын орлого дөрвөн сая төгрөгөөр нэмэгджээ"

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл нь 2020 онд нийт орлогын хэмжээгээ 12 сая төгрөг хэмээн мэдүүлсэн нь 2021 онд 16 сая төгрөг болж нэмэгджээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 50 сая төгрөгөөс 68 сая төгрөг болж өссөн байна. Тэрбээр нийт 180 сая төгрөгийн үнэ бүхий хоёр нийтийн орон сууц, нэг автозогсоолтой. Мөн 140 сая төгрөгийн үнэтэй туулах чадвар өндөр Land cruiser -200 маркийн авто машин, 10 сая төгрөгийн адуу, 16 сая төгрөгийн газар, 10 сая төгрөгийн үнэт эдлэл мэдүүлжээ. Дотоодын банканд 32 сая төгрөгийн хадгаламжтай. 17 сая төгрөгийн зээлтэй аж.

"Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын орлого 100 сая төгрөгөөр буурчээ"

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин нь 2020 онд нийт орлогын хэмжээгээ 130 сая төгрөг хэмээн мэдүүлсэн нь 2021 онд 30 сая төгрөг болж буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлогын хэмжээ нь 8 сая төгрөгөөс 15 сая төгрөг болж өссөн байна. Тэрбээр нийт 210 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр нийтийн орон сууцтай. 70 сая төгрөгийн үнэтэй туулах чадвар өндөр Land cruiser -200 маркийн авто машин мэдүүлжээ. Мөн нэг сая 800 мянган төгрөгийн адуу, таван сая төгрөгийн газар, 45 сая төгрөгийн хадгаламжтай аж .

"Цагдаагийн ерөнхий газрын дарга 710 сая төгрөгийн орон сууцтай"

Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нь 2020 онд өөрийн нийт орлогоо 54 сая төгрөг хэмээн мэдүүлсэн нь 2021 онд 67 сая төгрөг болж нэмэгджээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь таван сая төгрөгөөс 6 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Тэрбээр нийт 710 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр нийтийн орон сууц, гурван авто зогсоолтой. 50 сая төгрөгийн мал, 10 сая төгрөгийн газар, 58 сая төгрөгийн хадгаламж мэдүүлжээ.

"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга ДӨРВӨН тэрбум 250 сая төгрөгийн орон сууцтай"

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджав нь 2020 онд нийт орлогын хэмжээгээ 34 сая төгрөг хэмээн мэдүүлсэн нь 2021 онд 37 сая төгрөг болж нэмэгджээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 24 сая төгрөгөөс 23 сая төгрөг болж буурчээ. Тэрбээр нийт дөрвөн тэрбум 250 сая төгрөгийн үнэ бүхий хоёр нийтийн орон сууцтай аж. Мөн нийт 460 сая төгрөгийн үнэлгээ бүхий Hummer H2, Lexus 470, Infiniti FX35, Lexus LX 450, Lexus LX 460, Lexus 570 тус бүрийн нэгийг мэдүүлжээ .Харин 130 сая төгрөгийн үнэт эдлэл, 382 сая төгрөгийн хадгаламжтай аж.

"Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал 366 сая төгрөгийн малтай"

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал Б.Болдбаатар нь 2020 онд нийт орлогын хэмжээгээ 30 сая төгрөг хэмээн мэдүүлсэн нь 2021 онд 40 сая төгрөг болж нэмэгджээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 25 сая төгрөг аж. Тэрбээр 350 сая төгрөгийн үнэ бүхий нэг нийтийн орон сууцтай. 366 сая төгрөгийн мал, 255 сая төгрөгийн газар, 230 сая төгрөгийн үнэт эдлэл, 82 сая төгрөгийн хадгаламжтай. Харин 85 сая төгрөгийн авлага, 21 сая төгрөгийн зээл мэдүүлжээ.

"Эм, эмнэлэгийн хэрэгслийн хяналт, зохицууллатын газрын дарга 145 сая төгрөгийн газартай"

Эм, эмнэлэгийн хэрэгслийн хяналт, зохицууллатын газрын дарга Б.Цэцэгсайхан нь нийт орлогын хэмжээгээ 28 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлогын хэмжээ нь 205 сая төгрөг аж. Тэрбээр нийт 257 сая төгрөгийн үнэ бүхий нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай. Мөн 25 сая төгрөгийн үнэтэй Harrier маркийн автомашин, 6 сая төгрөгийн мал, 145 сая төгрөгийн газар, 61 сая төгрөгийн үнэт эдлэл, 24 сая төгрөгийн хадгаламж, 15 сая төгрөгийн авлага мэдүүлжээ. Харин 148 сая төгрөгийн зээлтэй аж.

"Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын дарга 902 сая төгрөгийн орон сууцтай"

Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын дарга Л.Бямбасүрэн нь 2020 онд өөрийн нийт орлогоо 65 сая төгрөг хэмээнэ мэдүүлсэн нь 2021 онд 70 сая төгрөг болж нэмэгджээ. Нийт 902 сая төгрөгийн үнэ бүхий хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, гурван үйлчилгээний зориулалттай барилга, нэг авто зогсоол мэдүүлжээ. Мөн 60 сая төгргийн үнэтэй Toyota Rav 4 маркийн автомашинтай аж. Тэрбээр 11 сая төгрөгийн мал, 30 сая төгрөгийн газар, 14 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, 3 сая төгрөгийн хадгаламжтай. 180 сая төгрөгийн зээлтэй байна.

Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орно
Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орно
 
Угаарын хийн хордлогын 48,6 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна
Угаарын хийн хордлогын 48,6 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.