Дэлхий дахинд хүннү рок урсгалаар “шинэ салхи” нэвтрүүлж, эх орноо олон улсад таниулж буй хамтлаг бол The Hu билээ. Тус хамтлаг Ард Санхүүгийн нэгдэлтэй хамтран виртуал орчинд буюу метаверст тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж эхэлжээ. Тодруулбал, The Hu хамтлагийн уран бүтээлийг шимтэн сонсдог хэн бүхэн виртуал орчинд хайртай уран бүтээлчдийнхээ тоглолтыг үзэх боломжтой гэсэн үг юм. Гадаад улс орнууд дахь сонсогч фенүүд ч тус тоглолтыг үзэж, бодит мэт мэдрэх боломжтой юм. Үзэгчид тоглолтын турш өөрийн хүссэн аватар болж хувирах ч боломжтой аж. Монголдоо анх удаа зохион байгуулагдаж буй метаверст тоглолтын талаар The Hu хамтлаг болон тус хамтлагийн продюсер, МУГЖ дуучин Б.Дашдондогтой ярилцсанаа хүргэе.
-Юун түрүүнд The Hu хамтлагийн уран бүтээл, аялан тоглолт зэрэг сүүлийн үеийн сонин сайхнаас яриагаа эхлүүлье?
-Саяхан бид "Хар аянга" нэртэй аялан тоглолтоо АНУ-аас эхэлж хоёр сарын хугацаанд хийж дуусгалаа. Одоогоор Монголдоо ирж шинэ цомгийнхоо нээлтийн ажилд бэлдээд байж байна. Долдугаар сарын 25-наас эхлэн хоёр дахь аялан тоглолт маань эхэлнэ. Авсрали, Шинэ Зеланд цаашлаад Европын орнуудаар таван сарын хугацаанд тоглоно.
-Метаверст тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Мэдээж Монголд анх удаа энэ төрлийн тоглолт зохион байгуулах гэж буйгаараа онцлог байх?
-Технологийн шийдэлд суурилж хийж буй тоглолт шүү дээ. Дэлхийд рок хамтлагууд метаверст байдлаар тоглож байсан тохиолдол байдаггүй юм шиг байна. Энэ утгаараа The Hu хамтлаг анхдагч рок хамтлаг болж байгаа болов уу. Хоёрдугаарт, тоглолт маань шинэлэг, сонирхолтой шийдлүүдийг гаргах болно.
-Тоглолтын үеэр сонсогчиддоо зориулж хэчнээн уран бүтээлээ дуулах вэ?
-Одоогийн байдлаар 9-10 дуу дуулагдах болов уу гэсэн төлөвлөгөөтэй байна. Ингэхдээ сонсогчдынхоо сонсох дуртай уран бүтээлүүдээ дуулах болно.
-Ард санхүүгийн нэгдэлтэй хамтрах болсон талаараа ярьвал?
-Ард санхүүгийн нэгдэлтэй хамтын ажиллагаагаа метаверст тоглолтоор эхлүүлж байна. Цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх байх гэж бодож байгаа.
Ч.Ганхуяг: The Hu хамтлаг дэлхийд соёлыг довтолгоо хийж чадсан
Тоглолтын талаар “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Өөрийнхөө шүтэж, дэмжиж явдаг залуустайгаа цуг ярилцлага өгөөд зогсож байна гэж төсөөлж байгаагүй юм байна. Анх хамтлагийн талаар сонсоод Монголчууд бид нэгдэж дэмжих ёстой юм байна гэж бодож байсан. The Hu хамтлагийн залуус маань соёлын довтолгоог хийж чадсан. Дэлхийн олон орны сонсогчдыг ой ухаан, зүрх сэтгэлээрээ татаж Монголоороо дуугаа дуулахын сацуу монгол аялгуугаар байлдан дагуулж чадаж байна. Энэ бол бидний яриад байгаа экспорт мөн. Заавал нүүрс, зэсээ ухаад экспортолж гаргах бус өөрсдийнхөө авьяасаар дамжуулан түүх соёлоо дэлхийд экспортолж байна. Байлдан дагуулалтыг эхлүүлчихэж байна гэсэн үг шүү дээ. Энэ утгаараа маш олон уран бүтээлчдэд зориг өгсөн гэж харж байгаа.
Санхүүгийн байгууллагын хувьд тоглолтыг дэмжээд өнгөрөх бус гадаад зах зээл рүү гарахад эдийн засаг, бизнесийн хувьд хэрхэн нэгдэн нийлэх ёстой вэ гэж бодсон. Энэ эрэл маань явсаар технологийн салбарт ажиллаж буй залуустайгаа хамтарч тоглолтыг метарверст байдлаар хийх нь зөв гэж харсан. Ингэснээр дэлхийн олон орноос хандаж буй фенүүд нь нэг дор тоглолтоо үзэж, уран бүтээлийг нь сонсож, цугтаа оролцох боломжтой зэрэг давуу талууд бий болж байгаад олзуурхаж байна” гэв.